Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр (2024.03.14) болж байна.

Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж буй юм.

Форумд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид оролцож, дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл тус форумд оролцож буй бөгөөд метро барих асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ “Хотын дарга Х.Нямбаатар метроны ажлыг үргэлжлүүлэх чиглэлээр тууштай байр суурьтай байгаад би их баяртай байна. Энийгээ би удаа дараа хэлж байгаа юм. Энэ бол зөв. 2016 оноос эхлээд, 2020 онд ашиглалтад орох ёстой байсан. Харамсалтай нь, улс төржөөд зогссон асуудал.

Нямбаатар дарга сая ч бас хэлж байна. Ер нь улс төржөөд хэрэггүй, бид энэ ажлаа хийх ёстой гэж. Энэ бол үнэхээр чухал. Гэхдээ хам хум байдалтай хандаад байгаа нь сэтгэл түгшээгээд байна. Юу гэхээр, есөн сараас газар шорооны ажил эхэлнэ ч гэх шиг.

Энэ бол газар шорооны ажил огт биш. Маш том, өндөр технологийн инженерийн байгууламж барих гэж байна. Дэлхийд байдаг, хамгийн нарийн хийцтэй байгууламж хийх гэж байна.

2013 онд ТЭЗҮ нь хийгдсэн, одоо бүрэн шинэчлэгдэх ёстой. Шинэчлэхийн тулд дахин дахин хэмжилтүүд хийх ёстой гээд ажлууд бий. Жишээ нь, метро барина гэхээр тэр метрог дагалдаж хийгдэх ажлууд яригдах ёстой. Метро ажиллуулах 1500 гаруй инженер, техникийн ажилтныг хэн бэлдэх юм бэ. Энэ чинь чухал ажил.

Зүгээр метроны вагон тавьчихаж болно. Хонгил ухаад, вагон тавьчихлаа. Тэр чинь онцгой аюулгүй байдлын технологи. Энийг ажиллуулах 1540 гаруй инженер, техникийн ажилчин бэлтгэх ёстой. Тэр яагаад яригдахгүй байна гээд асуудлууд гарч ирээд.

Би сүүлдээ “Сонгууль дөхүүлээд ПиАр хийж байгаа юм болов уу гэж хардаж байна. Ингэвэл яг “ногоон автобус”-ны ажил шиг болж хувирна шүү дээ. Тийм учраас Нямбаатар дарга энэнээс болгоомжлох хэрэгтэй. Ийм байдалд оруулж болохгүй. Сонгууль дөхөж байгаатай холбоотой ПиАр болгож болохгүй. Бид есөн сараас эхлэх гэж байна гэж ярьж байна. Энэ бол үнэндээ бодит байдалд нийцэхгүй л дээ. Энэ чинь тийм амар ажил биш” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу