Япон Улсаас Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд өнгөрсөн хоёрдугаар сард явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон, дөрвөн автомашин хүлээлгэн өгсөн.

Эрүүл мэндийн бүх төрлийн үзлэг, оношилгоо хийх боломжтой явуулын амбулатори гэж нэрлэдэг эдгээр автомашинаар алслагдсан нутаг оронд суугаа иргэдээ эрт илрүүлэгт хамруулах боломжтой юм.

Бид энэ удаа Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж буй Явуулын амбулаториос дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Төв аймгийн Батсүмбэр суманд албан тоогоор 7350 иргэн амьдардаг гэх хэдий ч төмөр зам дагасан түр оршин суугч болон шилжүүлэг хийгдээгүй гэх мэт нийт 12000 гаруй иргэн аж төрдөг аж.

Тус сумын иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд төдийлөн тогтмол хамрагдах боломжгүй, шаардлагатай тохиолдолд л нийслэлд ирж, нарийн мэргэжлийн шинжилгээ өгдөг байжээ. Ийнхүү явуулын иж бүрэн амбулаториор үйлчилгээ үзүүлсэнд иргэд олон нийт ам сайтай байлаа.

Хоёр том оврын ачааны машин нийлж, нэг цогц үйлчилгээ үзүүлэх бөгөөд нэг удаад таван төрлийн шинжилгээ зэрэг хийх хүчин чадалтай юм. Нарийн мэргэжлийн шинжилгээний бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг явуулын амбулаториор Батсүмбэр сумын хувьд нэг өдөрт 80-120 иргэн оношлуулжээ.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Уламсайхан “Батсүмбэр суманд гуравдугаар сарын 13-ны өдрөөс үзлэг, шинжилгээ хийж эхлээд байна. Эхний өдөр 82 иргэн үзүүлсэн бол өнөөдрийн байдлаар 80 гаруй иргэн шинжилгээнд хамрагдсан, үдээс хойш нэмэгдэх төлөвтэй байна.

Өдөрт дунджаар 100-150 хүн хүлээн авах боломжтой гэж тооцоолж байна. Иргэдээс авсан шинжилгээгээр зүрх судасны өвчлөл түгээмэл илэрч байна. Мөн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн шинжилгээ хийж байна. Умайн хүзүүний шархлаа болон цөөн тооны хавдрын тохиолдлууд илэрсэн. Одоогийн байдлаар хортой хавдрын тохиолдол илрээгүй” гэлээ.

Иргэд үзлэг, оношилгооны явуулын баг ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Тодруулбал, орон нутгийн иргэд тэр бүр сумын төв болон хот орж нарийн мэргэжлийн үзлэгт хамрагдаж, шинжилгээ өгөх боломжгүй байдаг.

Аж ахуйн нөхцөл байдлаас үүдэн жилдээ нэг хоёрхон удаа төв ордог малчдын хувьд ийнхүү нэг дор олон үйлчилгээг багтаасан явуулын амбулатори ирсэн нь ихээхэн завшаан боллоо хэмээн ярилаа. Зардал мөнгөнөөс эхлээд нэлээд чирэгдэл болж хот орсон ч үзлэг, шинжилгээний цаг олддоггүй, ихээхэн хүндрэл учирдаг байсан талаар мөн хуучилсан юм.

Батсүмбэр сумын иргэдийн дийлэнх өмнөх жилүүдэд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд огт хамрагдаж байгаагүй ажээ. Хоёр машинд нийт таван шинжилгээ хийх бөгөөд өглөөний 09.00 цагаас эхлэн иргэд дугаарлаж эхэлсэн байна.

Биднийг үзлэг хийж буй газарт очиход хаалга тус бүрд 20 шахам хүн дугаарлан зогосж байлаа. Ходоодны дурангийн шинжилгээ бусад шинжилгээг бодоход цаг их ордог учир дараалал нэлээн ихэсчээ.

Хөгшид “Хаврын хахирган цаг хаяанд ирж, хүн малгүй ядарч эхлэх үеэр жаахан ч гэсэн эрүүл мэндээ бодох санаатай ирлээ дээ” хэмээн ярина. Тэд “Өмнөх жилүүдэд нэг их эрүүл мэнддээ анхаараад байсангүй, одоо харин цаг сайхан болжээ. Явуулын дэлгүүр гэж байснаас явуулын эмнэлэг гэж ховорхон байлаа. Сайхан л ажил хийж яваа хүмүүс байна” гэж өөр хоорондоо ярилцана.

ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг: “Улаанбаатар хотод эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бүх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоёр машин нийлээд нэг эмнэлэг болж байгаа гэсэн үг. Машин хүлээж авснаас хойш 14 хоногийн хугацаанд машинд шаардлагатай эд анги, тоног төхөөрөмжийг суурилуулах, бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Улмаар эхний сумдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Орон нутгийн иргэд болон нутгийн удирдлага мөн нэг асуудлыг хөндөж байна. Өвөлжилтийн хүндрэл өмнөх жилүүдээс их байсан учир малын хорогдол ч дагаад өссөн байна.

Өвлийн хатуу цаг дуусах гэж байгаа ч хаврын улирал түүнээс ч хатуу байх магадлал өндөр байна. Энэ үед малчид, ард иргэдийн сэтгэл зүйн байдал мөн хүндэрч байна. Тэр ч үүднээс явуулын үзлэгийн амбулаторид сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж байгаагаараа онцлог” хэмээн ярилаа.

Ийнхүү эрүүл мэндийн анхан шатны, нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ багтсан цогц үйлчилгээ орон нутгийн иргэдийн дэргэд очлоо. Ингэснээр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгэн том алхам болж буй билээ.

Манай сурвалжлах баг явуулын үзлэгтэй танилцах үеэр тус сумын нэгэн иргэн нийслэл хот руу яаралтай хүргэгдсэн юм. Тодруулбал, тухайн иргэн үзлэгийн дүгнэлтээр цусны хүүдий нь чулуужиж, хүзүүндээ суулт өгсөн, өвдөлт их өгсөн байдалтай оношлогджээ.

Эмнэлгийн ажилтнууд яаралтай арга хэмжээ авч, тухайн иргэнийг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг рүү хүргэхээр хөдөлсөн юм. Энэ мэтчилэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ очсон газар нутагтаа үр дүнгээ өгсөөр байгаа ажээ.

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний явуулын амбулатори эхний ээлжид орон нутгийн гурван бүсэд үйлчилгээ үзүүлэх юм байна. Тодруулбал, баруун бүсийн Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймаг, өмнөд бүсийн Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим сумдад, Дорноговь, Дундговь аймаг, зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт хүрч ажиллах ажээ.

Ингэхдээ төлөвлөснөөр зөвхөн сумын төвүүдэд очиж үзлэг оношилгоо хийх юм байна. Учир нь, явуулын амбулаторийн онцлог нь ачааны бүхээгтэй машин хэт том, урт учраас шавар ихээр үүссэн өөд болон уруу газарт хүрэхэд хүндрэлтэй байдаг талаар албаныхан хэлж байлаа.

    А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу