Улсын хүн амын 50 орчим хувь нь ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хот өдгөө засаг захиргааны шинэчлэл хийн, иргэддээ ээлтэй “20 минутын хот” болох том зорилт тавин ажиллаж байна.

Дээрх тодорхойлолтын тухайд хотын иргэн хаана оршин сууж байгаагаасаа хамаараад гэрээд гараад 20 минутын дотор өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээгээ төвөггүй авах боломжтой хот төлөвлөлт гэж энгийнээр ойлгож болно.

Хүн 5 минутад дунджаар 400 метр зам туулдаг. Тэгвэл уг зайнд эмийн сан, хүүхдийн тоглоомын талбай, төрйин үйлчилгээний цахим төв, бичил цэцэрлэгт хүрээлэн байх ёстой гэжээ. Харин 10 минутад цэцэрлэг, бага сургууль, шүдний эмнэлэг, спорт талбай, банкны үйлчилгээ зэргийг төлөвлөх ёстой байх нь.

15 минутын зай буюу 1.2 км радиуст үзвэр үйлчилгээ, ерөнхий боловсролын сургууль, худалдааны төвүүд байрших нь зохист хэмжээ гэж үзнэ. Төлөвлөлтийн хамгийн хол зай буюу 20 минутын зайд ажлын байр, цагдаагийн хэсэг, эмнэлэг байхаар төлөвлөж чадвал зохист хэмжээ болох учиртай. Эдгээр төлөвлөлтийн хүрээнд явган алхах болон унадаг дугуйгаар явах зам талбайг илүү их төлөвлөнө.

Засаглалын шинэчлэлийн хүрээнд 42 нэгжийг төлөвлөж байна. Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг үндэслэн 42 нэгжид хуваан хүнд ойр 20 минутын хот болгох шинэчлэлийг танилцуулж байна.

Шинэчлэлийг хийснээр Улаанбаатар хотын 200 гаруй хороог халж, үндсэн 42 нэгж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэнэ. Ингэснээр эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч, 40-50 мянган иргэн тутамд хүрч үйлчлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн улсын бүртгэлийн үйлчилгээ сайжирч, цагдаагийн хэлтсийн хамрах хүрээ багасаж, иргэнд илүү ойртох боломж нээгдэж, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна.

Улаанбаатар хотын төлөвлөлийн алдааны бодит илрэл болсон хаягжилтын асуудал цэгцэрч, үүнийг дагасан гамшгийн менежмент сайжирна. Хамгийн чухал нь төрийн нэгжүүдийн чиг үүрэг илүү тодорхой болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ойроос авах боломж бүрдэнэ.

Тодруулбал нэг хороонд дунджаар 14 албан хаагч ажиллаж, өдөрт дунджаар 15-25 иргэнд нийт 15 төрлийн төрийн үйлчилгээ үзүүлж байна. Харин 42 нэгжид шилжсэнээр 400 метр тутамд буюу шинээр 231 ширхэг төрийн үйлчилгээний хурдан систем байх төлөвлөлт хийжээ. Уг системээс иргэд нийт 440 төрлийн төрийн үйлчилгээ авах боломжтой тул хүртээмжтэй байдал үлэмж нэмэгдэх юм.

А.БАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу