ОХУ-д өнөөдөр (2024.03.15) эхэлсэн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн сонгууль гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-наас 17-ны хооронд явагдах бөгөөд цахимаар санал хураахаас гадна Донбасс, “Шинэ Оросын” оршин суугчид анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч буй аж.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний өдөр 500 мянга гаруй хүн алсаас буюу цахимаар саналаа өгөөд байгаа талаар мониторингийн порталд мэдээлжээ.

Мөн сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш хагас цагийн байдлаар Москвад 115 мянга орчим хүн зайнаас цахим санал хураалтад оролцжээ. Энэ талаар 2024 оны Москва дахь сонгуулийг ажиглах олон нийтийн штабаас мэдээлсэн байна.

Тус улсад цахимаар санал авах механизмыг ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ашиглаж буй. Нийт 29 бүс нутагт цахим санал хураалтад оролцох баримт бичгийг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн хүлээн авч, гуравдугаар сарын 11-нд дуусгавар болгосон байна.

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфиловагийн мэдээлснээр, нийт 4 сая 787 мянга орчим сонгогч сонгуульд цахимаар оролцох хүсэлт илгээжээ. Цахим санал хураалтын дүнг хоёр үе шаттайгаар гаргах аж.

ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд 2008 оноос хойш анх удаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж буй юм. Тодруулбал, ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн ерөнхийлөгч, бие даан нэр дэвшиж байгаа Владимир Путин нар билээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу