Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 13, 14 өдөр ээлжит хуралдаанаа хийж, бодлогын хүүг бууруулах, эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээний тухай хэлэлцжээ. Тус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд:

1) Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх,

2) Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг тус тус гаргалаа.

Жилийн инфляц 2024 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувьд хүрч буурсан. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, худалдааны түнш орнуудын буурч буй инфляц, чангарч буй төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зэрэг нь нийт инфляцын бууралтад гол нөлөө үзүүлжээ.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр, цаашид инфляц алгуур буурч, төв банкны зорилтын дээд интервалын орчимд байх төлөвтэй байгаа аж. Мөн тэрбээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляц өндөр байгаагийн зэрэгцээ цалин, тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл бийг онцлов.

Эдийн засгийн өсөлт 2023 онд 7.0 хувьд хүрч өсөхөд нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхай, түүнээс хамааралтай салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Гэвч өвлийн саруудад үүсээд буй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбар энэ онд үргэлжлэн агших төлөвтэй байгааэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.

АНУ, ОХУ-ын эдийн засгийн өсөлт сайжирч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн. Гэвч Монгол Улсын худалдааны гол түнш БНХАУ-ын өсөлтийн төлөв удааширч, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс түүхий эдийн үнэ буурч болзошгүй байгаа аж.

Инфляц буурч, зорилтын интервалд тогтворжихоор байгаа тул санхүүжилтийн нөхцөлийг сулруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малчдын зээлийн эргэн төлөлт доголдож, төлбөрийн чадварын хүндрэлд орох эрсдэл үүсэж болзошгүй байгаа билээ. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарын хүндрэлийг бууруулах зорилгоор эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгахтай холбоотой шийдвэр гаргасан байна.

Төв банк цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэх аж. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу