Цагдаагийн байгууллагаас өнөөдөр (2024.03.015) хэвлэлийн бага хурал хийж, өнгөрсөн 14 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийн талаар танилцууллаа.

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаярын мэдээлснээр, сүүлийн долоон жилийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1945 хүн холбогджээ. Цар тахлын үед энэ хэрэг багассан бол хил нээгдсэнээс хойш нэмэгдэх хандлагатай байгаа аж.

2021 онд 187 хэрэг, 2022 онд 230 хэрэг, 2023 онд 238 хэрэг бүртгэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатарт, 20 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс 15-64 насныхан бөгөөд тэдний 88 хувь нь эрчүүд, 12 хувь нь эмэгтэйчүүд байна.

Монгол Улсын 12 иргэн хар тамхины хэргээр гадаадын найман улсад ял эдэлж байгаа ажээ. Тэд хар тамхи зөөвөрлөж байгаад баригдаж, ял шийтгүүлсэн аж. Харин Монгол Улсад гадаадын 44 иргэн хар тамхины хэргээр 7-12 жилийн ял эдэлж буй юм байна.

2017 оноос хойш нэг хүний дундаж хэрэглээгээр тооцож үзэхэд, 349.000 хүн хэрэглэх хэмжээний хар тамхи хураан авсан байна. Хураан авсан хар тамхины 34 хувь нь гадаад улсад лабораторийн аргаар үйлдвэрлэсэн бодис, үлдсэн 66 хувь нь Монгол Улсын хөрсөнд ургасан ургамал байжээ.

Монгол Улс жил бүр өөрийн нутаг дэвсгэрт ургадаг ургамлыг устгадаг. Үүний үр дүнд гурван аймгийн нутаг дэвсгэрт ургадаг ургамлын тархалтыг бүрэн зогсоосон байна.

НҮБ-аас БНХАУ, ОХУ-ыг шинэ төрлийн бодис үйлдвэрлэх эрсдэлтэй гэж зарлажээ. БНХАУ-д хар тамхинд донтсон 3 сая хүн байгаа бөгөөд жилд дунджаар 40.000 хүн нас бардаг байна. ОХУ-д хар тамхинаас болж жилд 7000 хүн нас бардаг бөгөөд сүүлийн хоёр жилд хар тамхи үйлдвэрлэдэг лаборатори 40 хувиар нэмэгджээ.

Сүүлийн долоон жилийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийн завдсан хар тамхины 46 хувь нь БНХАУ-аар дамжиж иржээ.

НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албаны судалгаагаар дэлхийд 15-64 насны 275 сая хүн хар тамхи хэрэглэж байна. 2023 он гэхэд ядуу буурай, хөгжиж буй орнуудын хар тамхи хэрэглэгчдийн тоо 40 хувиар өснө хэмээн тооцоолжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу