Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.03.13-ны өдөр шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар тэдэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн билээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд “Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх олон хоног хуралдаж байж сая шийдвэрээ гаргалаа. Би гэм буруугүй. Хаа байсан 2019 онд Б.Энх-Амгалан сайдын гаргасан тушаалыг намайг хатгаж гаргуулсан гэдгээр яллаж байгаа юм байна. Би давж заалдана.

Би өнөөдөр өөрийгөө шүүхээс ял авлаа гэж үзэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-г Монголын ард түмэнд авч үлдсэний хариуг нэр бүхий бүлэглэл надаас авч байна.

Б.Энх-Амгалан яамандаа ямар тушаал яагаад гаргаж, хэндээ ямар давуу эрх олгож байгааг би мэдэх боломжгүй. Сая л шүүх хурлын үеэр танилцаж, утасны дугаараа солилцлоо. “Үүнээс хойш ярьж байя. Зүгээр байж байхад хэлмэгдүүлдэг юм байна” гэсэн агуулгатай яриа өрнүүллээ. Хэргийн талаар нарийн зүйл ярихгүй. Хаа нэг газар, ямар нэгэн сайд тушаал гаргахад түүнтэй хамааралгүй хэн нэгнийг хатгагч гэж үзэж байгаа нь арай дэндэж байна.

Дараагийн шатны шүүх энэ алдааг засах байх гэж найдаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-г авах гээд бүтээгүй улс төрчид, компаниуд бий. Тэдний гол зорилго намайг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх. Үүний тулд надад улс төрд ажиллаж болохгүй гэх таван жилийн ял өгүүлж байгаа юм” хэмээн хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Б.Энх-Амгалан гишүүний хувьд өнөөдөр (2024.03.15) УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа дараа шүүхийн шийдвэрийн талаар албан ёсоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ би гэм буруугүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдана.

Давж заалдах шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа би энэ хэрэг яаж эхэлсэн, яаж өрнөсөн, яаж дууссан талаарх бүх мэдээллийг баримт, цаг хугацаатай нь ярьж өгнө. Одоо цаг нь арай болоогүй байна. Энэ хэрэг цаанаа улс төрийн захиалгатай гэж хардаж байгаа. Энэ талаар нарийн хэлж өгнө.

Би нутгийн ард түмнийхээ итгэлийг хүлээн авч сонгогдсон, УИХ-ын гишүүн. Та бүхний сонгосон гишүүн авлигачин, хулгайч биш, гэм буруугүйг цаг хугацаа нотолно” гэдгийг хэлэв.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу