Засгийн газрын өнөөдрийн (2023.03.22) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 


Монгол Улсын сайд, түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Ерөнхий сайдтай ЗТХ-сайд, Хотын дарга, БХБ-ын сайд болон миний бие “Сэлбэ сэргэлт” төслийн асуудлаар уулзаж байгаа.

“Сэлбэ сэргэлт” бол Улаанбаатар хотын ая тухтай орчин, хот тохижилт, хүмүүсийн түгжрэлд саатаж байгаа олон гацааг арилгах боломжит төсөл гэж үзэж байгаа. Энэ чиглэлийн ажлыг явуулах талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.

Энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2023 онд явуулах, санхүүжүүлэх боломжийг судлах талаар Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын сайд Ч.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгасан.

Энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой зураг төслийн ажлын асуудлыг хотын удирдлага, БХБЯ хамтарч ажиллахаар явж байгаа.

Мөн бид холбоос замуудын асуудлыг ярьж байгаа. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг эхэлсэн. Тухайлбал, 100 тэрбум орчим төгрөг нь боловсролын салбар, газар чөлөөлөлтөд зарцуулагдсан. Үлдсэн хөрөнгөөр явган хүний болон унадаг дугуйн зам, авто замын ажлыг эхлүүлсэн байсан. Гэвч энэ жил эдгээр ажлыг үргэлжлүүлэхэд төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүсээд байсан юм. Энэ дутагдаж байсан 342.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Энэ асуудлыг шийдсэнээр бид өнгөрсөн жил хийсэн ажлынхаа үр дүнг үзэх бололцоо гарна.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт сургуулийн автобусыг оролцуулаад 400 гаруй шинэ автобусыг авчирсан. Парк шинэчлэлийн хоёр дахь шатны ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байна.

87 ширхэг цахилгаан автобусыг есдүгээр сарын 1-н гэхэд, 650 ширхэг “Евро-5” стандартад нийцсэн эко автобусыг намар гэхэд оруулж ирнэ.

Нийтийн тээврийн жолооч нарын сургалт, авто баазын асуудлыг шийдвэрлэх, зарим дүрэм журмыг өөрчлөх асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Удаан хугацаанд яриад гацсан, одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй байгаа дүүжин тээврийг гүйцээнэ. Францын талтай ярьж, тохирсон учраас энэ ажлыг үргэлжлүүлж, эхний шугамыг 2024 оны зургадугаар сараас ашиглалтад оруулна.

Мөн BRT төслийг “Сэлбэ сэргэлт” төсөлтэй уялдуулаад ирэх жилээс идэвхжүүлнэ” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу