Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Э.Хэрлэнзаяагаас хаврын улиралд хүмүүсийн гаргадаг сэтгэл зүйн өөрчлөлтийн талаар тодрууллаа. 

-Сүүлийн үед нийгэм, хүмүүсийн дунд сэтгэцийн ямар эмгэг түгээмэл байна вэ?

-Одоогийн нийгэм, хүмүүсийн дунд стресс их байна. Хүмүүс уур бухимдлаа янз бүрийн байдлаар гадагшлуулдаг. Харин гадагшлуулахгүй удаан хугацаанд явснаас үүдэж архаг стресс, архаг ядаргаанд орж байна. Сүүлийн үед архаг ядаргаанд орсон хүний тоо эрс нэмэгдсэн. Энэ нь хэт их ачаалалтай ажиллаж, утсаа олон цагаар үзэж, эрт унтаж амрахгүй байгаатай холбоотой.

Ийнхүү ажил, амьдралын хэмнэлээ зөв зохицуулж чадахгүй байгаагийн улмаас бие организм түүнийг дааж, дасан зохицож чадахгүй хуримтлуулаад л байдаг. 24 цагийн 17 цагт нь тасралтгүй ажлаа хийж, үлдсэн цагт нь гэртээ харьж, хоолоо идчихээд үргэлжлүүлээд ажлаа хийх тохиолдол байна. Энэ чинь л стресс, архаг ядаргааны суурь болж буй юм. Ажлаа тараад шууд гэртээ харьж амрах хэрэгтэй. Амар гэхээр ажлаа хийхгүй хэр нь бодоод байдаг нь буруу юм. 

Архаг стресстэй хүнд сэтгэцийн талаас уурлах, бухимдах, гуниглах, уйлах гэх мэт өөрчлөлт гардаг. Харин бие махбодын талаас гар, хөл хөлрөх, булчин татах, ядрах, сульдах, зүрх хурдан цохилох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Түрхүүлийн талаас биеэ барьж чадахгүй байх, хурдан уурлах, спиртийн төрлийн зүйлийг хэтрүүлэн хэрэглэх, үүний дараа сэтгэл гутралд орох зэргээр даамжирч явсаар архаг стресс рүү шилжиж, ядаргаа үүсэх нөхцөл бүрддэг. Тэгэхээр ажил, амьдралаа зохион байгуулж чадахгүй байгаагаа хаврын улирлаас болж ядарчихлаа гэж ойлгож болохгүй юм.

-Хаврын улирлаас болж ядаргаанд ордог мэт ойлгож болохгүй гэлээ. Гэтэл хаврын улиралд сэтгэц болоод бие махбодын үйлчилгээ авах хүмүүсийн тоо нэмэгддэг шүү дээ?

-Өмнө нь хэлсэнчлэн хүмүүс стрессээ тайлж чадахгүй бүтэн жилийн турш хуримтлуулаад л яваад байдаг. Хаврын улиралд өдөр уртасдаг учир хүмүүс сульддаг. Энэ үед хуримтлагдсан стресс, бухимдалгүй хүмүүст сэтгэц болоод бие махбодод нь өөрчлөлт гарахгүй.

Харин стрессийн суурьтай хүмүүс хаврын улиралд архаг ядаргаанд өртөөд байгаа юм. Хэрвээ бүтэн жилийн турш ажил, амьдрал, нойроо зөв зохицуулж чадвал хаврыг ядрахгүйгээр давж гарах боломжтой. Хавар болохоор ядардаг гэсэн ойлголттой хүмүүс их байна.

-“Хаврын синдром” гэж бид их ярьдаг. Сүүлийн үед хаврын синдромоор өвчлөх хүний тоо ихэссэн үү?

-Сүүлийн үед хүн хоорондын харилцаа, нэгнийгээ сонсох, ойлголцох чадвар сул болсон. Хүн хүнтэйгээ харилцаж, ойлголцдог байтал утас, дэлгэцийн хамааралтай болж, амьд бус харилцаа давамгайлж байна. Үүнээс үүдэж манай төвийн үзлэгийн хоёр тасгаар өдөрт 30-40 хүн үйлчлүүлж байна. Энэ үзлэгийн тоо хавар болохоор нэмэгдэж, манай эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрдэг. 

-Сэтгэцийн эрүүл мэнд эрүүл буйгаа хэрхэн мэдэх вэ?

-Хүн мэдээж ямар нэгэн асуудалд уурлах, бухимдах үе бий. Уурлалаа гээд хүн сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэсэн үг биш. Харин уурлах, бухимдах, нойргүйдэх, стресстэх зэрэг нь удаан хугацаанд үргэлжилж, даамжирвал сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэсэн үг. Тэгэхээр аливаа асуудлыг давж гарах арга замаа олсон, удаан хугацаанд бухимдаад яваад байдаггүй хүн бол сэтгэцийн хувьд эрүүл байна гэсэн үг. 

-Хүн өдөр тутамдаа сэтгэцээ хэрхэн хамгаалах вэ. Зөвлөгөө өгөхгүй юу?

-Сэтгэцийн эрүүл мэндээ бид өдөр тутамдаа хамгаалахын тулд стрессийг даван туулах энгийн аргуудыг мэддэг байх хэрэгтэй. Өөрийнхөө сонирхол, хоббигоо стрессээ тайлах арга замаараа сонгох нь хамгийн хялбар. Жишээлбэл, хамгийн түрүүнд амьсгалын дасгал хийх, дуу дуулах, хөгжим тоглох, дасгал хөдөлгөөн хийх, зураг зурах гэх мэт зүйлсийг хийж болно. Хэрвээ энгийн аргуудаар стрессээ даван туулж чадахгүй бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

Л.ЗУЛ

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу