ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путин өнөөдрийн байдлаар 87.32 хувийн санал авч, тэргүүлж байгаа ажээ. Энэ талаар ОХУ-ын Сонгуулийн төв хорооны албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна.

Хоёрдугаарт, ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов 4.28 хувийн санал авсан бол удаах байранд “Шинэ ард түмэн” намаас нэр дэвшигч Владислав Даванков 3.85 хувийн санал авчээ. Дөрөвдүгээрт, Либерал ардчилсан намаас нэр дэвшигч Леонид Слуцкий 3.15 хувийн санал авсан үзүүлэлттэй байгаа аж.

CNN агентлаг мэдээлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ зууны эхэн үеэс хойш удирдаж буй улсынхаа төрийн жолоог үргэлжлүүлэн атгах нь тодорхой байгааг онцолжээ. Оросын шат шатны сонгуулийн үр дүн Кремлийн удирдагч урьдчилсан байдлаар үнэмлэхүй ялалт байгуулсаар байгааг харуулж буй аж.

ОХУ-ын Сонгуулийн төв хороо (СЕХ)-ноос Ням гарагт “Саналын хуудасны талыг тоолж дууссаны дараа Путин 87.3 хувийн санал авч тэргүүлсээр байна” гэж мэдээлжээ. Иймд Путин дор хаяж 2030 он хүртэл буюу 77 нас хүртлээ Оросын төрийг удирдана гэсэн үг. ЗХУ-ын дарангуйлагч Иосиф Сталинаас хойшхи хамгийн урт хугацаанд төрийн эрх барьсан Оросын удирдагч болж буй тэрбээр гурав дахь бүтэн арван жилээ засаглах нь.

Сөрөг хүчний нэр дэвшигчдийн ихэнх нь нас барсан, шоронд хоригдсон, цөлөгдсөн, эсвэл нэр дэвших эрхээ хасуулсан, мөн 2022 оны хоёрдугаар сард Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш Оросын “тусгай ажиллагааг эсэргүүцэхийг хориглосон” тул Путин ямар ч найдвартай сорилттой тулгараагүйг CNN тодотгожээ.

ОХУ 2008 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон сунгасан. Үүнээс өмнө тус улсад дөрвөн жил тутамд Ерөнхийлөгчийн сонгууль болдог байв. Тус улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгасан. Иймд Путин 2036 он хүртэл засгийн эрхийг атгах нь тодорхой болж байгаа аж.

Эх сурвалж: TASS, CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу