Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой өнөөдөр (2024.03.18) тохиож байна. Энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Тэнгэрлэг эрчүүддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлж, эх хэлнийхээ дайчин харуул болсон яруу найрагчдын бүтээлээс дээжлэн хүргэж байна.

МОНГОЛ ЭР ХҮН

(Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж)

Монгол эр хүн

Монгол айлын хийморь

Монгол эр хүн

Монгол Улсын тэнгэр

Монгол эр хүн

Хонгортсон хүрэн царай нь хөрстэй

Хонин бор нүд нь очтой

Хоёр шанаа түүшин цартай

Холбоо хөмсөг босоо сортой,

Өндөр сэрвээтэй хүзүү бахимтай

Өргөн цээжиндээ хүч ихтэй

Өндөргүй, намгүй тэгшхэн аралтай

Өөлсөн хүнд майгадуу хөлтэй

Уужим хоймроо дүүрэн ханхайж

Урт гаанстай тамхи шившиж

Учрыг олох учиг атгаж

Ухааны угт үнэнийг хадгална.

Унасан мориныхоо толгойд хүрэхгүй

Уурган дээгүүр алхаж

Улбаа жимд унтаж гэлдрэхгүй

Уртын замд уухирдаж давхихгүй

Авгай хүүхдийнхээ дунд бол

Аав, ханийн өндөр уул

Айлын найранд дөрөө чангалбал

Аргадаж суух нь өргөл бэл

Монгол эр хүн-

Анд явбал сум гээхгүй ч

Амьтны сүүгээр буугаа мялаахгүй

Алдар нэрийг ад үзэхгүй ч

Авах зуйралд зулгаа барахгүй

Халуун цээж хүнгэр дэлсэлгүй

Харц тулж ярих дуртай

Хар санаатай харанхуй хүнээс

Хагас үгээ харамладаг зантай

Үзэн баясаж барьж алдахгүй

Үерхэл барилдвал хуурмаг байхгүй

Үнэнч нөхрөө галд орхиод

Үнсэн дээр нь худлаа уйлахгүй.

Атгаг хорсол дотроо бугшааж

Араагаа хагартал хонзон зуухгүй

Алгын чинээ улаан нүүрий нь

Астал хэлээд сэтгэл ариусна.

Гал цээжиндээ өрдөж байж

Ган шиг түүндээ ширгээж байж

Ганц үгэнд бодлоо цутгана

Гарцаагүй тэр нь байндаа тусна

Монгол эр хүн-

Аятайхан хөөрөг, гаанс, эмээл

Арваар арилжих мориор гоёхоос

Алт, сувд, хоргой торгыг

Авгай хүүхдийн гоёлд тооцно

Сайхан хүүхэнд сэвэх дуртай ч

Сачий дутахаа мэдэж гэмээнэ

Санааны гарзанд өвдөг сөхрөхгүй

Салхин дээгүүр нь өнгөрч чадна.

Аавын хүүгийн хамаг шидээр

Амрагийн хайр булааж гэмээнэ

Авгай болгоод авсан хойноо

Алдахгүй байхаа бас мэднэ.

Баргийн үгэнд ааш адайрч

Бачуу хилэнд аргамж адцахгүй

Бардамдаа бус багадна гэсэндээ

Бага юманд баярлалаа гэхгүй

Аажуу зангаасаа маргааш гэж

Ажил алгуурлах магадгүй ч

Аюул тулгарахад хайртай бүхнээ

Алтан амиараа хамгаалж чадна

Монгол эр хүн-

Үнэн голоосоо сайхан инээнэ

Үүд сөхсөн сэтгэл задалж

Үйсэн цай гал дээр даргилж

Үүрийн туяа цацартал инээнэ

Харин уйлах ясны дургүй

Хааяа уйлбал нулимсаа нууж

Хадан хавчил хавсан харзаар

Харанхуй цээжээ хагалан шархална.

Далавчтайг тойглож сүүл шарвахгүй

Даахьтайг тохуурхаж сүүдэр ширвэхүй

Далайсан газар далд орохгүй

Дайсныхаа бахыг хэзээ ч хангахгүй

Хол явахгүй бардам омог

Хоосон сүрээр баатарлах дургүй ч

Хорвоод эх орныхоо төлөө

Хоёр үхэхэд зориг нь үлдэнэ.

Уулын толгойд нартай золгож

Уужим бэлд нь дуутай бууж

Улаан замаар монгол эр хүн

Улсынхаа сүлдэнд морьтойгоо давхина

Монголоор ярьж, сэтгэж, бүтээж

Монгол улсаа хайрлаж, хамгаалж

Морин дэл дээр авч ирсэн

Монгол эр хүн, ёстой эр хүн


ИЛДИЙГ ЦАГААТГАХУЙ

(Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн)

Эцэг өвгөдийн цавчилдаж явсан

Ирт илдийг би цагаатгана

Зөвтэй гэж цагаатгана

Зэвтэй нь хамт цагаатгана

Дэвсэж ирсэн сарны туяаг

Ширдэглэж давтсан

Дэгдээд ирсэн салхины хийморийг

Шүглүүлж давтсан

Шүдээ үйртэл зууж давтсан

Шүүдэр дунд

Шидэж хатаасан

Дээш өргөн

Долоон бурхнаар билүүдэж

Доош талбихдаа

Цагаан үүлээр арчсан

Үүл хуйхалсан гал дээр

Шатааж ширээсэн

Үлээсэн ганц хялгасыг

Тасдаж галзууруулсан

Их гүрэн

Илүү зориг юуг ч

Цавчиж явсан аранга

Цамнаж явсан хянга

Ягуухан эргэх хөх дэлхийд

Ялах ялагдахын ухааныг

Ясанд нь тултал зааж өгсөн

Ялгуусан Монгол илдийг цагаатгана

Эртэй морьдын өвчүүн дор

Ертөнцийн тал умарч

Ирэн дээр нь унасан

Нулимс хуваагдаж байсан үе

Хурц хурц гэлээ гэхэд

Хүүхдийн сэвлэгийг хөндөлгүй үлдээсэн

Хувь тавилан ижил хүмүүн заяаны

Хойч ирээдүйг цавчилгүй уучилсан

Миний Монгол гүр илдийг

Мунхаг хүн сүлдэлж яваагүй

Айдсын хялуугүй

Аль ч зуунд буруугүй

Монгол илдийг цагаатгана

Морьтой түүхтэй нь цагаатгана

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн

ЭР ХҮНИЙГ Л ХАЙРЛАЖ ЯВААРАЙ

Хоёр жигүүр дэлгэн

Хорвоог ханьтай туулдаг

Дөрөөн чимээгээр хаяагаа мялааж

Дөрвөн алган дээр үүрээ засдаг

Нар сар орж гардаг хорвоогийн

Чухаг, мэнхэг хатуу жам

Нас бие ирж оддог ертөнцийн

Чулуутай цэцэгтэй алаг зам

Он жилүүдийн цэнхэр мөрөн

Хүй бие хоёр шиг ойрхон

Орооцолдож бүтсэн халуун хэлхээ

Тоонын хүрээ тулалцсан

Бүсгүйн номхон заяа

Тотгот тулганд бадамласан

Зүггүй галын “бурхад”

Үүдэн хоймрын цэлгэр зайд

Гэрийн нар дагаж мөлхсөн

Зүүдэн хоосны тохиох одонд

Нэрийн отог үлдээхээр заяасан

Салаа гэзгээ салхиар самнаж

Сайн морины нуруунд ниссэн

Саалийн халиагаар хормой мялааж

Сайхан эхийгээ өвчиж өссөн

Миний хоёр охин минь

Гал таслан, тооно өргөхөд чинь

Ганзганд чинь хэлэх

Гэрийн чинь чагтганд уях

Гэзэгний чинь үзүүрт сүлжиж өгөх

Гуравхан мөр шүлэг аав нь тэрлэлээ.

ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН УУЛ АТЛАА

ЭЛГЭНД ЧИНЬ БАГТСАН ТОЛГОД

ЭР ХҮНИЙГ Л ХАЙРЛАЖ ЯВААРАЙ


ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ

(Яруу найрагч Г.Лхагваа)

Гал атгаж цэрэг төрдөггүй

Ган ширээж цэрэг болдоггүй

Эх оронтой хүн бүхэн

Элгэн хайраараа цэрэг болдгийм

Аз жаргалдаа хайртай бүхэн

Аваа өгөөнд цэцэн болж

Заавал дийлэхийг өөртөө даатгаад

Замгаа шүүрэн босдог юм

Гэнэгүй байсан зүүд цочроон

Гэмгүй явсан зүрх эмзэглээн

Түгшүүрийн дохио дорно зүгээс

Төрсөн нутгийг минь нөмрөөд ирэхэд

Дуулга цагаан Алтай

Уулга алдан сүүрсч

Дуулим дорно тал минь

Ууцаа нугалам хотойсийм

Өстний сургаар унаагаа юүлээд

Өрхийн тэргүүн цэрэг болсийм

Явуулын хүн шиг уяа хоослоод

Яаруу гээч нь мордоод явчийм

Ган сэлмийн ир хялайвч

Чин сэтгэл дуулга болж

Гацсан замаг цэнэгээ баравч

Эр зориг цайз болж

Эх орны эр цэрэг

Их анд орос нөхөр

Газрын дөлийг атгаж унтраан

Гавъяа нэхэлгүй эрсдээ билээ

Булгих зүрхэнд эх орон

Буцлах цусанд эв олон

Алтан амиа бөхлөх юмтай

Аадрын үер шиг шаагисан эрс

Бууны сумаар мөндөр буусан

Бузар хэргийн зарга шүүж

Дайны талбарт эзний ёсоор

Дархан цолтой үлдсэн билээ

Хангал морьд дайнд омгорч

Хар үйлтэнд хамт өширч

Харайлт бүрдээ нутаг усаа

Харь хэлтнээс булааж байсийм

Эмээлт хүлэг эзэнгүйдэн мохож

Эр цэрэг хүлэггүйдэн явгарч

Эх орны алхам газрын төлөө

Эрчилсэн цусаа тогтоох завгүй

Эрх чөлөөний түмэн бэрхийн төлөө

Эмээлийн бүүрэг даван унаж байхад

Ингэн сүү шиг мэлмий тал минь

Элгэн дээрээ зовлонг тэвчиж

Эрсэдсэн баатрын амийг сэтгэлтэй нь

Итгэлтэйеэ манаж байсийм

Дайныг үүрч, дайныг туулсан

Тал, эр, морь гурав

Нэгэн хүйгээр амин холбоотой

Нутаг усандаа ээлээ өгч

Нэхэл хатуу тулаан дундаас

Нэрийг нь авч гарсийм

Үхэл сэхэл хоёрт

Гомдол баяр үгүй

Үүрэг хүлээсэн цэрэг

Энэ гурав байсийм

Цусаа юүлсэн амиар

Цулбуур алдарсан мориор

Цурам ч аниагүй талаар

Ялалт ирсийм

Ялалтын сүрээ туганд мандуулж

Ялсан урмаа дуунд шингээж

Явсан эрс буцаж ирсийм

Хонгио тэгэхэд дариа хоосолж

Хорвоо эмзэглэн амиа хоосолж

Аз жаргалын үнэ цэн

Асгарсан цусны төлбөр байсийм

Дарийн хороор хонгио зэвэрч

Дайны гамшгаар дэлхий гасалж

Амь эрсдэн, газар шархадсан ч

Аз жаргал буцаж ирсийм

Герман, Япон хоёр тэр жил галзуурахад

Газар, элэг өмөрч дэлхий, зүрх шархадсийм

Мал адгуус, хот балгас устаагүй үлдсэн нь тоотой

Маргаангүй хорьдугаар зуун өөрөө галзуурсийм

Тавин таван сая амиар тэр галзууг номхруулж

Төчнөөн айл өрхийг хүүгээр нь нэрийдсийм

Эцэггүй үлдсэнээ мэдэлгүй тоглоомдоо улайрсан үрс

Эх орны дайнаас авлагатай хоцорсийм


ЭНХИЙГ САХИУЛАГЧИД

(Яруу найрагч, дэслэгч И.Баярхүү)

Эзэн Чингисийн удам эрэлхэг дайчин эрчүүд

Энхийг сахиулахын төлөө Иракт тэмцэж байна

Исгэрэх сум, тэсрэх бөмбөг сонсогдсон ч

Ижийгээ, эх орноо санан, санан тайтгардаг

Эрэлхэг Монголын удам эр цэрэг эрс бид

Эвслийн цэрэг эрстэй мөр зэрэгцэнэ

Төмөр дуулга, ган хантаазан доор

Терроризмын эсрэг энд тууштай тэмцэж байна

Даяар Монголын удам, дайчин баатарлаг эрчүүд

Даян дэлхийн энхийн төлөө тэмцэж байна

Исгэрэх сум, тэсрэх бөмбөг сонсогдсон ч

Ижийгээ, эх орноо санан, санан тайтгардаг

Эрсдэх аюул тулгарсан цагт ч

Эрс шийдэмгийгээр бид няцаалт өгч чадна


ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН ШҮЛЭГ

(МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Билэгсайхан)

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж

Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь

Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо

Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь

Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Халуун залуу насыг нь хамт элээснээ бод

Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод

Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ

Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ

Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал

Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Дээл бүсэн гоёлтой

Дээрээ малгайн хиймортой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавынхаа харцанд томоождог

Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө

Олон олон авааль гэргий та нараасаа

Олон олон аавын хөвгүүдийг

Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо

Өөрийн минь биеийг битгий болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.


ЭР ХҮНД ХҮРГЭХ ҮГ

(Яруу найрагч Р.Эмүжин)

Эр хүн

Бүсгүй хүний дэргэд хаан нь байг

Бүдэг одны хажууд сар нь байг

Бүлээн энэ орчлонгийн нар нь байг

Бүрэн энэ улсын эзэн нь байг.

Эр хүн

Оргил өндөр уулсын салхи нь байг

Оршихуйн их үнэний учиг нь байг

Олонтой энэ амьдралын гал нь байг

Омог төгөлдөр Монголын сүлд нь байг.

Эр хүн

Бүслүүрт энэ ертөнцийн ухаарал нь байг

Бүргэд дүүлэх халилд зориг нь байг

Бүдэрч боссон үрсийнхээ аав нь байг

Бүтэн энэ Монголын сүр нь байг.

Эр хүн

Энгэр зөөлөн ээждээ үр нь байг

Эрсхэн хатуу аавдаа бахархал нь байг

Эндүү андуу хагацалд нулимс нь байг

Эгэл энэ Монголын түшиг нь байг.

Эр хүн

Охид эмсийн харцанд шүтээн нь байг

Оломгүй нүүдлийн замд итгэл нь байг

Оготор энэ тавилангийн зүг чиг байг

Оосор бүчгүй Монголын зүрх нь байг

Эр хүн

Сэрж боссон түүхийн илд нь байг

Сэрүүн намрын найранд дуу нь байг

Сэлгээ нь үгүй тэмцэлд ялалт нь байг

Сэхүүн энэ Монголын сэтгэл нь байг

Эр хүн

Уяралт сайхан ханьдаа хайр нь байг

Унаж, боссон амьдралд хатуужил нь байг

Урт холын анддаа нөхөр нь байг

Удамт энэ Монголын амь нь байг

Эр хүн

Дээлтэй их шастирын оюун нь байг

Дэндүү их жаргалын цулбуур нь байг

Дээвэрт энэ Монголын голомт нь байг

Дэлхийг зориод мордсон жолоо нь байг.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу