Украины эрх баригчид “Газпром”-той хий дамжуулах гэрээгээ сунгах, шинээр байгуулах төлөвлөгөөгүй байгаа аж. Энэ талаар Украины Эрчим хүчний сайд Герман Галущенко мэдэгджээ.

Тэр “Бид ямар нэгэн нэмэлт гэрээ байгуулах, эсвэл энэ гэрээний хүчинтэй хугацааг сунгах бодолгүй байна” гэж телевизээр мэдэгдсэн бичлэгийг тус яам Telegram сувагтаа нийтэлсэн байна.

Украины сайдын хэлснээр, тус улсын байгалийн хийн тээврийн систем “транзитгүйгээр аюулгүй оршин тогтнох боломжтойг нотолсон” гэсэн стресс тестийг давжээ.

Украины Ерөнхий сайд Денис Шмигал гуравдугаар сарын 4-нд “Киев энэ оны сүүлээр “Газпром”-той байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа Оросын байгалийн хийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан Европ руу тээвэрлэхэд бэлэн байгаа ч энэ талаар Москватай шууд хэлэлцээ хийх бодолгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр хийг Украины хийн тээврийн үндсэн системд шахахаас өмнө Европын орнууд хийг худалдаж авах боломжтой. Ингэснээр Украин Европын хийн албан ёсны транзит тээвэрлэгч болно гэж үзжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу