Засгийн газрын өнөөдрийн (2023.03.22) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Өчигдрийн байдлаар инфляцын түвшин 12 хувь байна. Хамгийн өндөр түвшинд хүрсэн цаг хугацаа бол 2022 оны зургаадугаар сар. Зургаадугаар сард инфляц 16.1 хувь байсан. Инфляцын түвшин тасралтгүй бууж байна. Энэ оны эхний хагаст багтаад нэг оронтой тоо руу орох байх гэсэн төсөөлөлтэй байгаа. Үүнд юу нөлөөлж байгаа вэ гэхээр,

Нэгдүгээрт, Манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг орнуудад инфляцын түвшин бууж байгаа юм. Энэ нь эргээд манай инфляцын түвшин буух нэг нөхцөл болж байна. 

Хоёрдугаарт, Дэлхий нийтээр инфляцын эсрэг мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлэх аргыг хэрэгжүүлж байна. Энэ бол хамгийн зөв бөгөөд бодит арга юм. Монгол Улс тухайд мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн.

Гуравдугаарт, Дан ганц мөнгөний бодлогоор зохицуулах нь инфляцын эсрэг авахад хангалттай арга хэмжээ биш.  Тийм учраас төсвийн бодлогын арга хэмжээнүүдийг авдаг. Төсвийн бодлогыг аваад үзвэл үндсэн тэнцэл байдаг. Энэ бол эерэг байгаа.  Өөрөөр хэлбэл, олж байгаа мөнгө нь их, зарцуулж байгаа нь бага гэсэн үг. Төсвийн болон мөнгөний бодлого адил хэмжээнд жигд хэрэгжиж байгаа.

Дөрөвдүгээрт, Валютын нөөц 3.3 тэрбум ам.долларын хэмжээнд байна. Бараа бүтээгдэхүүний өрсөлдөөнийг нэмэгдүүлж байж, инфляцыг бууруулах үндсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлээр Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. 

Эдийн засгийн өсөлт 4.8 хувь байна. Эдийн засаг өснө гэдэг нь манай ААН-үүдийг орлого нэмэгдэж байна гэсэн үг.

Дараагийн чухал зүйл нь хөдөөгийн өрхийн орлого. Өнгөрсөн онд бодит орлого нь хамгийн ихээр буурсан нь хөдөөгийн өрхүүд байна. Тийм учраас арьс шир, ноолуур, махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авсан. Энэ ажил үр дүнгээ өгч байгаа. Түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь малчин өрхийн орлого нэмэгдэх суурь болж байна” гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу