УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2024.03.18)-ийн ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын талаар ярилцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.

Тэрбээр “УИХ  126 гишүүнтэй болох учраас УИХ-ын дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө хэлэлцэж батлах шаардлагатай гэж үзлээ. Баялгийн сангийн тухай хуулийг ойрын хугацаанд Засгийн газраас өргөн барина. Энэ долоо хоногийн Лхагва гаригт уг төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барих болов уу.

МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт Баялгийн сангийн тухай хуулийг батлахаар заасан. Байгалийн баялагтаа зөв менежмент хийх шаардлага бий. Гурав дахь асуудал нь, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлага үүсч байна.

Дөрөвдүгээрт, хувийн хэвшлийг дэмжих чиглэлийн хуулиуд бий. МҮХАҮТ-ын тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай хууль зэрэг хэд хэдэн төслийг УИХ, Засгийн газраас өргөн барихаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн УИХ-ын төвшинд Ажлын хэсэг ажиллаж байгаа хуулийн төслүүд бий. Бэлэн болонгуут хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн.

Хуулиараа нэр дэвшигчийн хугацаа дуустал чуулган үргэлжилдэг. Тэр жишгээр УИХ-ын хаврын чуулган тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын 1-нийг хртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд дээр дурдсан хуулийн төслүүдийг хэлэлцэн батална.

УИХ өнгөрсөн Баасан гаригт 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-нд зохион байгуулахаар товлосон. Уг сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчид ирэх наймдугаар сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой.

Өвөлжилт, хаваржилт хүнд байгаагаас мал аж ахуйн салбарт хүндрэл гарч байна. Энэ талаар Засгийн газраас мэдээлэл сонслоо. Намын бүлгээс Засгийн газарт хоёр чиглэлээр ажиллах үүрэг өглөө. Нэгдүгээрт, зудын эрсдэлийг бууруулах, хоёрдугаарт  малжуулахтай холбоотой асуудлыг оруулж ирэх үүрэг өгсөн.

Урьдчилсан байдлаар 16 орчим сая толгой мал хорогдох прогноз гарсан тул малчдыг хэрхэн малжуулах талаар бодлого оруулж ирэх, цаашид мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр мөн санал боловсруулах гэсэн хоёр асуудлыг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд оруулж ирэх үүрэг өглөө” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу