УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр (2024.03.18) болж, бүлгийн дарга О.Цогтгэрэл хуралдаанаар хэлэлцсэн гурван гол асуудлыг танилцууллаа. Тодруулбал, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн цэцийн тухай шинэчилсэн найруулгын төсөл, МАН-ын өнгөрсөн 4-8 жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал ба түүнтэй холбоотой Засгийн газар, Онцгой комиссоос авч буй арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 

Энэ талаар УИХ-ын АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ: 

  • Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг саналаа нэгтгэж, дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь Үндсэн хуулийн манаач болсон энэхүү байгууллагатай холбоотой эгзэгтэй зүйл заалт орж ирсэн. Тодруулбал цэцийн гишүүнд насан туршид нь хариуцлага тооцохгүй буюу дархлагдсан эрх олгох нь зүйтэй биш гэж үзсэн тул энэ хаврын чуулганаар хэлэлцэхээс татгалзаж байна.  
  • Хоёрдугаарт, сүүлийн 4-8 жилд эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэн хэлэлцэв. Тодорхой тоо баримт хэлэхэд, Хөдөө аж ахуйн салбарт 10 сая бог, 4 сая бодын арьс хийх үйлдвэр барина гэж байсан ч одоо болтол сураг чимээгүй. 2021 онд ашиглалтад орно гэсэн Газрын тосны үйлдвэр гэх мэт маш олон амлалт нэхэж хэлэлцэнэ.
  • 2016-2024 онд Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Гурван хүний нэг нь ядуу хэвээрээ. Дэлхийн банкнаас Монгол Улсын гурван хүн тутмын нэг ядуу гэдэг судалгааг гаргасан.  Монгол Улс авлигын индексээр сүүлийн найман жилийн хугацаанд 50 байр ухарлаа. Товчхондоо олон улсын хараат бус, хөндлөнгийн мэргэжлийн байгууллага Монгол Улсын нөхцөл байдлыг ийнхүү дүгнэжээ. Гэх мэтчилэн бид эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар амлалт нэхэж, анхааруулан ажиллах болно” хэмээн ярилаа. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу