Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр (2024.03.18) метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэгдүгээр үе шат өнөөдөр (2024.03.18) дуусгавар болж байна. Төслийн зөвлөх үйлчилгээний багийн тендерт оролцохоо илэрхийлж, 11 улсын 20 компани Улаанбаатар метроны төсөлд оролцох сонирхлоо илэрхийлж, бичиг баримтаа ирүүллээ. Маргааш, нөгөөдөр ажиллаад, гуравдугаар сарын 25-ны өдөр гэхэд урилга хүргүүлнэ.

Худалдан авах ажиллагааны тухай хуульд заасны дагуу ажлын 20-иос доошгүй хоногийн хугацаанд тендер шалгаруулалт явагддаг. Ажлын 20-иос доошгүй хоног гуравдугаар сарын 25-наас хойш тоологдоод, энэ 20 компаниас нэг нь Улаанбаатар метроны зөвлөх үйлчилгээний багаар шалгарна. Улаанбаатар метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанийн тендерийн жишиг баримтыг боловрсуулж, бидэнд хүлээлгэн өгнө” гэлээ. 

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан.

Тэгвэл нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаагдлаа. Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан 20 компани саналаа ирүүлсэн байна. Уг компаниудын техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендерт оролцсон этгээдэд хүргүүлснээр хоёрдугаар дугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэх юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу