ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод буй байгалийн гамшиг, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх үүднээс 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэж, өчигдөр (2024.03.17) эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг манай талд хүлээлгэн өгөв.

Тусламжийн цувааг хүлээлцэх үеэр ОХУ-ын БНБУ-ын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов хоёр орны ард түмэн амаргүй бэрх цагт нэгэндээ үргэлж халуун сэтгэлээр хандаж ирсний илэрхийлэл болсон нэгэн жишээг эш татан онцолсон байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Ковид-19 халдварт цар тахлын үед дунд сургуулийн сурагч жаал хүү нэгэн ядарсан эмэгтэйд өөрөөсөө илүүчлэн, амны хаалт худалдан авч өгсөн түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.

“Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэдэгчлэн халуун сэтгэлээр бусдад тусалсан монгол хүүгийн ач тусын хариу хүнд бэрх цагт эх орон, ард түмэндээ бум бумаар үржин буцаад ирж байгаа нь энэ аж” гэж нүүр номдоо бичсэн байна.

ОХУ-ын Засгийн газар нийт 8500 тонн хүчит тэжээл, түүнийг тээвэрлэх 425 ачааны машины тээврийн зардал буюу нийт 166.6 сая рублийн буцалтгүй тусламжийг хилээр татваргүйгээр, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг шийдвэрлэсэн явдалд  Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлэв.

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хилээр нэвтрүүлж, шуурхай татан авахыг Сэлэнгэ аймгийн Онцгой комист даалгаж,  аймаг орон нутаг руу түгээх ажлыг эрчимжүүлэхийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян тэргүүтэй холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу