Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээсэн билээ. Тиймээс Б.Серик заан өнөөдөр (2024.03.19) “Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглохоор болжээ.

Мөн тус барилдаанд даян аварга Н.Батсуур, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр тэргүүтэй 200 бөх бүртгүүлсэн байна. (Бүртгүүлсэн бөхчүүдийн мэдээллийг ЭНД дарж уншина уу.)

Сануулахад, Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болсон билээ. Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлд өртсөн юм.

Тодруулбал, тэрбээр сумын заан А.Тодмагнайг өвдөг шороодуулсныхаа дараа шанаан дээр нь дарж боссон. Үүнтэй нь холбогдуулан Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу