Улсын онцгой комисс өнөөдөр (2024.03.19) цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу гуравдугаар сарын 10-нд ЦУОШГ-аас хийсэн зудын үнэлгээгээр улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн зудын, 16 аймгийн 130 суманд цагаан зудын, 14 аймгийн 49 сум болон нийслэлийн хоёр дүүрэгт цагаанаар зудархуу байна. 

Нийтдээ 20 аймгийн 216 сум болон нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн. Энэ үнэлгээ гуравдугаар сарын 20-нд шинэчлэгдэж гарна. 

  • Төмөр буюу мөсөн зудын нөхцөлд 10 аймгийн 37 сумын 22,3 мянган малчин өрх,
  • Цагаан зудын нөхцөлд  16 аймгийн 130 сумын 75 мянган малчин өрх байна. 

Нийт нутгийн 63 хувиар цасан бүрхүүлтэй, 37 хувь нь цасгүй байна. 

Гуравдугаар сарын 14-ний байдлаар малын хорогдол 4 сая 741 мянга 423 болсон байна.

Хамгийн их хорогдолтой нь,

    • Сүхбаатар аймагт 1,3 сая,
    • Хэнтий аймагт 636 мянга,
    • Дорноговь аймагт 432 мянга,
    • Архангай аймагт 418 мянга,
    • Төв аймагт 351 мянга,
    • Дундговь аймагт 202 мянган толгой мал хорогдоод байна. 

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн зүгээс УОК-т хандив тусламж үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 49 иргэн 28 аж ахуйн нэгж байгууллага, 72 төрийн байгууллага, 28 төрийн бус байгууллага, нэг гадаадын байгууллагаас нийт 3 тэрбум 372 сая төгрөгийн мөнгөн хандив, 811 сая төгрөгийн бараа материалыг УОК-т ирүүлсэн.

Мөн зудын хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас малчдад 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг тусламжаар ирүүлсэн ба одоогоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу