Үерийн даланг сэтэлсний улмаас ажлын байр нь усанд автаж, 60 гаруй сая төгрөгийн бараа, эд материалаар хохирсон, хувиараа бизнес эрхлэгч, “Yu Tem” арьсан урлалын үйлдвэрийн үүсгэн байгуулагч Ю.Тэгшжаргалтай ярилцлаа. 

Тайлбар байхгүй.

-Та хувиараа бизнес эрхлээд хэдэн жил болж байна вэ? Анх энэ байранд хэзээ орж байв?

-Би арьс ширэн эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад зургаан жил болж байна. 2018 оноос хойш өрхийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2021 оноос хойш энэ өрөөндөө нүүж ирээд, өөрийн гэсэн жижиг цехтэй болсон. Улмаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 2023 оны долоодугаар сарын 6-нд Улаанбаатар хотод болсон Сэлбэ голын үерийн үеэр ажлын байр маань усанд автаад, түүнээс хойш найман сар тасралтгүй засвар, үйлчилгээ хийж явсаар, үйл ажиллагаагаа сэргээгээд нэг сар гаруй болж байна.

-Олон жилийн хүч хөдөлмөр тань нэг өдөр л үгүй болоход мэдээж хүнд байсан байх?

-Мэдээж хүн ямар нэгэн бүтээл хийхдээ шууд зүсээд, арьсан дээрээ зураад явахгүй шүү дээ. Эхлээд загвараа гаргаж, зургаа бүтээнэ. Үүнийхээ дагуу үлгэрээ бэлдэнэ. Энэ бүхэн чинь хүний оюуны бүтээл. Дээрээс нь би шаргуу хүн. Ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөдөг учраас миний хувьд үнэлж баршгүй цаг хугацаа маань урсаад л өнгөрчихсөн дөө.

-Хэр их хэмжээний ус орсон бэ?

-Таазнаас 10 см доошоо хүртэл үерийн ус орсон. Үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд таазанд ус хүрээгүй учраас таазыг дахин засварлахгүй, үнэлгээ хийхгүй гэж байгаа юм. Тэгсэн хэр нь тааз нь шавар шавхай болчихсон байж байдаг. 3 метр 20 см өндөр тааз ус дүүрээд, цонхнууд хагараад, ус нь гарч байгаа юм.

Энэ дотор арьс, нэхий гэх мэт органик бүтээгдэхүүн маань усанд хэд хоног хөгцөрч, мөөгөнцөртөөд, тэр хугацаанд ямар ч ашиглах боломжгүй болсон. Тоног төхөөрөмж, арьс ширний тусгай зориулалтын машинуудын маань моторт шавар орсон. Дээд талыг нь засаад янзалсан ч доод талын мотор нь ажиллахгүй. 400-500 мянган төгрөгийн засвар хийгдсэн хэр нь хоёр долоо хоног ажиллаж чадахгүй, дахиад л эвдэрч байгаа байхгүй юу. 

-Тухайн үед яагаад, юу гэж хэлж үерийн даланг сэтэлж, танайх руу үерийн усыг урсгасан юм бол?

-Тухайн үер ганцхан манайд биш, Сэлбэ голын голдирол дагуух нэлээн олон газарт хохирол учруулсан. Замын цагдаагийн зүүн талын хүчитгэсэн далангаа сэтэлж, наашаа урсгасан нь мэдээж төрийн албаны их эрсдэлээс бага эрсдэлийг сонгосон тактик л байх. Ингэхдээ мэдээж наашаа урсгасан нь замын цаашаа урсгаснаас арай бага эрсдэлтэй байсан болохоор тэгж сонгосон болов уу. Тухайн үедээ “Санаа зоволтгүй ээ, хохирлыг чинь барагдуулах учраас та нар зүгээр л амиа аваад гараарай” гэж хэлж байсан.

-Тухайн үед нийслэлээс ирж та нартай уулзсан уу? Ийм олон аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулдаг гэж мэдсэн юм болов уу?

-Үерийн дараа Д.Сумъяабазар дарга, ажлын алба нь, Цогтбаатар гишүүн ч ирж уулзсан. Бидний ойлгож байгаагаар Замын цагдаагийн газрын зүүн талын 60, 61 дүгээр байрны доод талд гараж байдаггүй. Үйлчилгээний зориулалттай, зөвшөөрөлтэй объектууд байдаг. Тиймээс энэ мэдээллийг өгөөгүй юм болов уу л гэсэн ойлголттой байгаад байгаа юм.

Тухайн үедээ ч яг тэгж хэлж байсан. “Энд ийм хүмүүс байгаа гэдгийг яагаад хэлээгүй юм бэ” гээд. Нийслэлийн зураг төслийг харахаар тэнд байгаа мэдээллээр гараж л байдаг гэсэн мэдээлэл байдаг юм билээ. Тиймээс зөрүүтэй мэдээллийн улмаас урсгасан байх. Тэгээд хохирлыг барагдуулна гэж урсгачихаад, одоо бидний хохирлыг яагаад барагдуулахгүй байгаа юм бэ.

Энд чинь маш олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. 32 аж ахуйн нэгж гэдэг чинь тэдний цаана хэдэн өрх, хэдэн хүний аж амьдрал явж байгаа билээ. Бид чинь бас л адилхан татвар төлөгчид шүү дээ.

Тайлбар байхгүй.

-Хохирлын үнэлгээгээ хийлгэсэн үү? Нийт хэчнээн төгрөгийн хохирол гарсан бэ?

-60 гаруй сая төгрөгийн хохирол амссан. Д.Сумъяабазар дарга тухайн үед хэд хэдэн удаа нөхцөл байдалтай ирж танилцаад “Та нар санаа зоволтгүй, тайвширцгаа. Үнэлгээгээ хийлгэчих, түүний дараа хохирлыг чинь барагдуулна” гээд, бид хувийн үнэлгээний газраар үнэлгээгээ хийлгэсэн.

Гэхдээ одоогийн байдлаар тэр үнэлгээний байгууллага маань зөвхөн Онцгой байдлын тухайн үеийн хохирлыг тодорхойлоход л гаргасан үнэлгээ болж таарч байна. Одоо бидэнд эргээд нэг ч өр төлбөр барагдуулаагүй байна. 

Үнэлгээний газар нийт үнэлгээний 3.5 хувийг нь авч байж үнэлгээг ХИЙж өгдөг юм байна. Үнэлгээ бас яг 100 хувь хийгддэггүй.  

Үнэлгээний багийнхан өөрсдөө орж ирэх боломжгүй, маш их бохиртой байсан учраас зурган дээр үндэслэж, үнэлгээгээ хийсэн. Тийм болохоор урсаад явчихсан, байхгүй болчихсон зүйлийнхээ зургийг авч чадаагүй учраас хамгийн дээд талдаа 70 хувьтай үнэлгээнүүд хийгдэж явдаг юм билээ. Мөн тоног төхөөрөмж багажид элэгдлийн хугацаа гэж жил тутамд 10, 20 хувь хасагддаг учраас яг бодит үнэлгээ гардаггүй л юм билээ.  

Одоо Д.Сумъяабазар дарга ажлаа өгөөд явчихсан. Дараагийн ажил авсан хүн нь өмнөх хүнийхээ хийж байсан ажлыг үргэлжлүүлж хийх залгамж халаа гэж  төрд байдаггүй юм болов уу. Уг нь бол үргэлжлээд, түрүүчийнх нь хүний бодлого, шийдвэр, хэрэгжилт нь явж байх ёстой. Энэ чинь хувь хүний ажил биш. Өрх гэрээ толгойлоод явж байгаа нэг айлын нөхөр явлаа гэхэд дараагийн нөхөр нь ирээд, өөрийнхөөрөө явуулж байгаа ажил биш шүү дээ.

-Хохирлоо барагдуулах талаар албан бичиг хүргүүлж байв уу?

-Шат шатныхаа байгууллагуудаар асуугаад араас нь байнга явдаг. Дүүрэг, хорооноосоо авахуулаад явж байна. Хороон дээрээ очиж, материалаа бүрдүүлж өгөөд, хороо маань цаашаа дүүрэг рүүгээ өгөөд, дүүргээсээ цаашаа нийслэл рүү өгөөд, нийслэлээс нэгтгээд, Улсын онцгой комисс руу гээд, шат шатанд нь нэгтгээд явж байна. Бид дээд талын шатнаасаа доод шат хүртлээ хүмүүсийн хооронд шидсэн бөмбөг шиг л явж байна. Одоо хүртэл ямар ч шийд байхгүй. Бидэнтэй даргын туслахууд, нарийн бичгүүд уулздаг. Дарга нар уулзаагүй.

“S Outlet”-ийг буулгах шийдвэр гарсан гээд Х.Нямбаатар даргын Хуулийн хэлтсийн дарга гэж нэг хүн “S Outlet” дээр ирэхэд нь биечилж уулзсан. Тухайн үед “Та нарыг энэ барилга хохироочихоод байхад та нар чимээгүй байсан. Тэр хохирлыг чинь барагдуулах гээд бид барилгыг буулгах шийдвэр гаргаад явж байна. Та нар очиж уулзаарай” гэсэн. Утасны дугаар, нэр бичиж авдаг. Одоо хаа сайгүй л утасны дугаар, нэр байж л байдаг. Гэхдээ эргээд ямар ч хариу алга. Бичгээр ямар ч газар хариу өгдөггүй гээд л бод. 

Хохирлыг маань барагдуулаач гээд очихоор ганц өгдөг хариулт нь “Та нарын хохирлыг ямар сангаас шийдэх нь тодорхойгүй байна. Та нарын хохирлыг яагаад Татвар төлөгчийн сангаас төлөх ёстой юм бэ” гэдэг. Бид өөрсдөө татвар төлөгчид байсан. Одоо чадахгүй байна. Гэхдээ Татварын сан руу бид гар дүрэх гээгүй шүү дээ. Энэ улсад чинь гамшгийн сан гэж нэг юм байдаггүй юм уу. Харьцангуй тайван орон шүү дээ, манай орон чинь. Жил болгон гамшиг, үер ус гээд янз бүрийн юм болоод байдаггүй. Энэ хугацаанд үүссэн хуримтлал хайччихдаг юм бэ. Тэндээсээ шийдэж өгч болдоггүй юм уу. 

-Одоо ЖДҮ-ээс хөнгөлөлттэй зээл авах боломж байгаа юу? 

-Одоо бидэнд яагаад ч ЖДҮ-ийн зээл, урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдах боломж байхгүй болчихлоо. Үйл ажиллагаа маань хүнд байгаад байдаг. Есөн сар үер усны гамшигтайгаа холбогдоод явчихсан учраас л түүх хэрэгтэй. Зургаан сар үйл ажиллагаа явуулаад олддоггүй зээл. Есөн сар үйл ажиллагаа явуулаагүй байхад тэр зээл бидэнд олдохгүй.

-Та нарын зүгээс төрөөс ямар дэмжлэг хүсэж байна вэ?

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд 50 хэдхэн аж ахуйн нэгж байгаад байгаа юм. Тэгэхээр босъё, зүтгэе гээд байгаа биднийг тусгай нөхцөлөөр урт хугацаатай, ЖДҮ-ийн зээлд нь хамруулаад өгч болдоггүй юм уу. Эсвэл татварын дарамтаас чөлөөлөөд өгч болдоггүй юм уу. Энэ чинь л үйлдвэрлэгчдэдээ өгч байгаа дэмжлэг байхгүй юу. Бодлогын дэмжлэг л нэхээд байгаа юм.

-Даатгалын компанид хандаж, хохирлын тодорхой хувийг гаргаж авч чадсан уу?

-Даатгалын компани байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгээрээ хохирол барагдуулах боломжгүй гэсэн хариу өгч байсан. Бидний орон сууцны мөнгөн дээр даатгал гээд байдаг шүү дээ. Тэр бол бидэнд үйлчлээгүй. Энэ хоёр орон сууцны доод талд (B1 давхар) нийтдээ 32 өрөө бий. Тэнд маш олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Тэд даатгалаас нэг нь ч мөнгө гаргаж авч чадаагүй. 

-Зарим газрууд үерийн усанд өртсөн бараа материалынхаа зургийг дарж амжаагүй байхад Онцгой байдлынхан ирээд, тоног төхөөрөмжийг нь ачаад явчихсан учраас үнэлгээ хийлгэх боломжгүй болсон гэж байсан. Танайх яасан бэ?

-Яг тийм нөхцөл байдал үүссэн. Подвальд дүүрчихсэн байсан бохир ус цонхны тавцангаас доошоо ороод, гадагшаа урсах гарц байхгүй учраас тогтчихсон. Тэгэхээр том бохир устай сав болчхож байгаа юм. Тэгээд 4, 5 хоног бохир соруулах үйл ажиллагаа явагдаад, түүний дараа Онцгой байдлынхны зөвшөөрөлтэй подваль руу орж байсан. Янз бүрийн тог цахилгаан, шил гэх мэт эрсдэлтэй зүйлс байсан болохоор тэдний зөвшөөрөлтэй орж байсан.

Орсны дараа оёдлын цехүүдийн даавуу, дэлгүүрийн бараа, хөргөгч зэрэг гаргаад тавьчихсан хогийг нэгдсэн журмаар Онцгой байдлынхан ачаад явчихсан. Үүний дараа үнэлгээ хийлгэх болсон. Нэгэнт ачаад явчихсан зүйлд дахин үнэлгээ хийх боломжгүй болсон. Ийм нөхцөл байдлууд үүссэн. 

Тайлбар байхгүй.-Та үйл ажиллагаа дахин эхлүүлжээ. Нөхцөл байдал ямаршуу байна вэ? 

-Явуулж байсан үйл ажиллагаа, ажлын байр маань гэнэтхэн байхгүй болчихно гэдэг чинь дор хаяж 3, 4 хүний ажлын байр, энэ хүмүүсийн ар гэр, миний амьжиргаа ч гэсэн юу ч байхгүй болчхож байгаа байхгүй юу. Өчигдөр хийж байсан ажил өнөөдөр юу ч үгүй болчихож байгаа юм. Хийсэн бүтээгдэхүүнээ зарах ч боломжгүй болсон. Олон жил хураасан багаж, түүхий эд маань ч гэсэн байхгүй болчихсон. Анх хаанаас эхэлсэн эргээд, түүн дээрээ оччихоод байна. 

-Та яаж үйл ажиллагаагаа сэргээсэн бэ? Санхүүжилтээ хаанаас гаргав?

-Нэгэнт надад туршлага байгаа учраас би дахиад босно доо гэж бодоод хичээж эхлэхдээ аав ээжийнхээ хашаа байшинг зарсан. Тэгж л өөрөө өөрийгөө санхүүжүүлж босгохгүй бол бидний банканд тавих барьцаа байхгүй болчихсон гэсэн үг. Банканд эргээд төлөх эргэлтийн хөрөнгө маань байхгүй болчихсон учраас банкнаас эргээд зээл авах ямар ч чадамжгүй хүмүүс болоод хувирчихаж байгаа юм. Иймээс өөрсдөдөө байгаа нөөц боломжоороо зарим маань ээж, ааваараа тэтгэврийн зээл авахуулж, хашаа байшинг нь заруулж, зарим нь банк бусаас өндөр хүүтэй зээл авч байна. Эргээд хуучин байсан өр маань хоёр дахин өссөн. 

Тайлбар байхгүй.

Энэ урт хугацаанд намайг сэргэхийг хүлээгээд сууж байдаг ажилчид гэж байхгүй шүү дээ. 

Тайлбар байхгүй.

-Энэ давхарт хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байсан бэ?

-32 ААН-ээс нийтдээ найм нь оёдлын үйлдвэр байсан. Үүнээс манайх, нэг хүнсний дэлгүүр үйл ажиллагаагаа сэргээгээд явж байна. Ингэхдээ төрөөс мөнгө нэхээд, элгээ тэврээд суусангүй. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг найзтайгаа хамтдаа дэлгүүрийг нь эхэлж босгоё гэж зорьсон. Олон жил үйл ажиллагаа явуулаад, үйлчлүүлэгчдээ татчихсан дэлгүүр учраас эргэлт нь миний ажлыг бодвол арай хурдан болохоор эхлээд хүнсний дэлгүүрээ ашиглалтад оруулъя гээд, түүнд ач холбогдол өгч ажилласан. 

Тайлбар байхгүй.

-Засвар хийсэн хэдий ч эргээд обой нь хууларсан харагдаж байна. Чийг нь гүйцэд арилаагүй байгаа юм болов уу?

-Энэ обойг арванхоёрдугаар сард наасан, эргээд цаад чийг нь гүйцэд хатаагүй байсан учраас буцаж хууларсан байдалтай л байна. Уг нь өөрсдийн байгаа нөөц боломжоороо л засвар хийсэн юм. Чанартайг нь хийлгэж чадахгүй байэа. Нэгэнт энэ байрыг өөрийн болгоод авч байсан учраас орхиод явах боломжгүй. Худалдаж зарах гэхээр үнэд хүрэхгүй. Дахиад өөр газар очоод, үйлчилгээгээ явуулъя гэхээр санхүүгийн боломж байхгүй болчихоод байгаа юм. 

-Сантехникийн асуудал гарсан уу? Яаж шинэчилсэн бэ?

-Сантехникийн асуудал маш их гарсан. Хуучин ажиллаж байсан насосуудаа солиод, өндөр хүчин чадалтай насос авчирч тавьсан юм шиг байгаа юм. Тэгээд манайд ирээд, паар задраад, бараа материал маань дахиад усанд автсан. Хажуугийн дэлгүүр маань далд монтажны гэмтлээсээ болоод дахиад шатчихаж байгаа юм. Биднээс үерийн гамшиг салахгүй л байна. Сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд ч тэр энэ их тоос тоосонцорт харшилтай болж байна. Ходоодны хавдартай болчихсон байна. 

-Дахин шар усны үер болох эрсдэлтэй байна шүү дээ. Одоо бүх тоног төхөөрөмжөө даатгалд хамруулах уу? Цаашид хэрхэн үерийн эрсдэлээс сэргийлж байна вэ?

-Одоо даатгалд хамруулах гэхээр эрсдэлийн үнэлгээнээсээ болоод эрсдэлтэй бүсэд орчихож байгаа юм. Тэгэхээр даатгалын компаниуд даатгал хийх ямар ч боломжгүй болоод байна. Тийм болохоор чадах чинээгээрээ байраа тохижуулаад, нийтийн эзэмшлийн зай талбай коридороо өөрсдийнхөө хүчээр засаж сэргээгээд сэлбээд л явж байна. Дараагийн болох шар усны үерт ч гэсэн өртөж, үнэлгээг нь буулгачихгүйн тулд хашаа тойрсон үерийн уснаас хамгаалах хаалт хийх бодол, зорилттой л байна.

-Хэрэв хохирлыг тань төрөөс барагдуулчихвал хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Хэрэв бидний хохирлыг барагдуулчихвал өөрсдийгөө хамгаалах хашаагаа барья, далд монтаж, сантехникээ янзлуулъя. Зөвхөн өөр өөрсдийнхөө хувийг бодоод суухгүй. Энэ хотхонд 600-гаад айл өрх байдаг шүү дээ. Зөвхөн подвальд аж ахуй эрхэлдэг 2, 3 хүний асуудал биш. 

Н.УЯНГА 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу