Мантуун бууз, ороомог, пирожки, хуушуур зэргийг өмнө нь бид дэлгүүр, ТҮЦ-ээс л авдаг байлаа. Тэд төмөр лист дээр өрж, хүнсний скочоор бүрхсэн байдалтайгаар бидэнд худалдаалдаг. Энэ нь хэвийн үзэгдэл мэт ойлголттой байсныг GS25, CU гэх гаднын франчайз дэлгүүрүүд орж ирж, өөрчилсөн. Гэхдээ тэд харагдах байдлыг нь өнгөлөг болгосон ч хадгалж буй нөхцөл нь ТҮЦ-ийнхтэй адил байна.

GS25, CU дэлгүүрүүдэд боорцог, пирожки, шарсан тахианы мах, хуушуур зэргийг шилэн хоргод цэгцтэй өрсөн нь эрүүл, цэвэрхэн мэт харагддаг. Гэвч энэ нь хөргүүр, эсхүл халуунаа барьдаг өндөр температуртай сав биш ажээ. Тиймээс бичил биетэн үүсэх таатай орчин бүрдүүлдэг байна. Энэ талаар бид хүнсний инженер О.Гал-Очироос тодрууллаа. 

-CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүд бэлэн бүтээгдэхүүнээ зориулалтын бус саванд хадгалж байгаа талаар хөндөж байсан. Энэ тухай дэлгэрүүлж, тайлбарлахгүй юу?

-Хүнсний бүтээгдэхүүний температурын аюултай бүс гэж бий. Хэрэв хүнсний бүтээгдэхүүнийг 8-63 градусын хооронд хадгалвал бичил биетний вирус үүснэ гэсэн үг. Тэнд бичил биетэн өсөж, үржинэ. Мөн хорт бодис ялгаруулна. Энэ нь ихсээд ирвэл хүнийг хордлогод оруулдаг. Тийм ч учраас хөргүүрийн температур 8 градус хүртэл байдаг юм.

Айл бүрийн хөргөгч 8 градусаас дээш гардаггүй. Эсвэл хоолыг 63 градусаас дээш халуун нөхцөлд хадгалах ёстой. Халуун нөхцөлд бичил биетэн үржиж чадахгүй гэсэн үг. Уг нь энэ бол мэргэжилтнүүдийн хувьд наад захын л мэдлэг. Гэтэл үүнийг сүлжээ дэлгүүрүүд бүдүүлгээр зөрчөөд байна. Уг нь тэд улсдаа гаднын маш сайхан франчайз нэвтрүүлсэн. Хоол үйлдвэрлэл нь ч маш зөв явагддаг юм билээ. Даанч хадгалахдаа алдаа гаргаад байна.

Мэргэжлийн хүний хувьд би тэднийг засаж залруулаасай гэдэг үүднээс ингэж болохгүй гэдгийг нь зургаан сарын өмнө хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй явсаар байна. 

-Тэр шилэн сав нь хэдэн градусын температуртай байдаг юм бол?

Хадгалж байгаа температурыг нь харахад 39 градус орчимд байна лээ. Хүний биеийн температуртай ойролцоо гэсэн үг. Хүний биеийн температур бол бактер үржих маш таатай орчин шүү дээ. Ийм таатай орчныг CU, GS25  дэлгүүрүүд хангаж өгөөд, тэр дотор нь бактер үржиж байна. Ингээд өнөөхөөр нь залуучууд хооллоод явж байна.  

Үндсэндээ ТҮЦ-т зарж байгаагаас ялгаагүй нөхцөлд хадгалж байна. Нэгийг нь гялгар уутаар бүрхчихсэн, нөгөөхийг нь шилэн хоргод хийчихсэн л болохоос биш хадгалж буй нөхцөл нь яг адилхан.

-Таныг шаардлага тавихад ямар хариу өгсөн бэ?

GS25-ын талаар би Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандсан юм. Тэр газраас GS25-д шалгалт хийж, хоёр сая төгрөгөөр торгосон гэсэн. Мөн шилэн хоргоо сайжруулах албан даалгавар өгсөн байна лээ. Гэвч GS25 шилэн хоргоо стандартад нийцүүлээгүй. Энэ асуудал ингээд л өнгөрсөн.

CU, GS25  дэлгүүрүүд уг нь маш сайн үйлчилгээ нэвтрүүлж байгаа газрууд. Тэд ийм жижиг асуудлаа засчихвал зөв болох гээд байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу