Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) өнөөдөр (2024.03.19) “Шангри-Ла” зочид буудалд гуравдугаар сарын ээлжит хурлаа “Уршиггүй уул уурхайн салбар” сэдвээр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Б.Уянга, “Монголын Үндэсний уул уурхайн холбоо”-ны тэргүүн Г.Батцэнгэл, “Рио Тинто Монгол”-ын Бизнес хөгжил хариуцсан захирал Э.Хонгорзул, “Бадрах Энержи ХХК”-ийн Гүйцэтгэх захирал М.Мелеард, “Терра Эксплорерз ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Р.Карпуз нар оролцов.

Тус уулзалтаар Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, дараагийн “Оюутолгой”, хүлээгдэж буй ураны хөрөнгө оруулалтын гэрээ, газрын ховор элементийн хайгуулын явц зэрэг олон асуудлын талаар хэлэлцсэн юм.

“ХАЙГУУЛ БҮР ОРД БОЛДОГГҮЙ”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.УЯНГА:

-Монголчууд бид хайгуулж хийж байж уул уурхайн дараа дараагийн ордууд хаана байгааг мэдэх, цаашлаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах боломжтой. Хайгуулыг эрсдэлээ дааж, хариуцах үүднээс хувийн хэвшлийн компаниуд хийдэг. Жишээ нь, 100 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл дээр ашиглалтын нэг л зөвшөөрөл олгодог эрсдэлтэй. Монгол Улс ашигт малтмалын хэтийн төлөв сайтай учир ингэж гарч байгаа статистик.

Бусад улс оронд хайгуулын 1000 зөвшөөрөл олгож байж ашиглалтын нэг зөвшөөрөл буюу нэг л орд болдог судалгаа бий. Хайгуулын ажлыг манайд олборлож байна гэж ойлгоод байдаг. Хайгуул бүр орд болдоггүй.

Хайгуулын дүнд хүн амын ундны уснаас аваад усны нөөц, цаашлаад газар хөдлөлтийн урьдчилсан төлөв зэрэг зөвхөн уул уурхай гэлтгүй олон мэдээллийг авч болдог, нийгэм-эдийн засгийн шинжтэй үйл ажиллагаа юм.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.5 хувь нь тусгай хэрэгцээнд орсон, хамгаалалтад байдаг учир хайгуул хийх боломжгүй байдаг. Монгол Улсад ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо их харагддаг ч яг олборлож буй орд маш цөөн, динамик нь алдагдсан.

Улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлж, цаашид ордуудтай байж, металл олборлож байж гэмээнэ дэлхийд үүсэж буй эрдэс баялгийн эрэлт хэрэгцээг хангана гэж үзвэл бид өөрсдийн хүчин чадлаа бүрэн ашиглах, төр, засгаас аваад оролцогч талуудын дэмжлэг хэрэгтэй байна.

Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт дээр энэ талын зохицуулалт буюу хориг, хязгаарлалттай холбоотой зүйл заалт оруулж, Засгийн газарт танилцуулж байна.

“ОРАНО” ГРУППЭЭС ТӨСЛИЙН ЭХНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОХ
500 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОНО

“Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал МАРК МЕЛЕАРД:

-“Зөөвч-Овоо” ураны төслийн хувьд Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон орон нутгийн засаг захиргаа, ард иргэдээс маш том дэмжлэг авсныг онцлон хэлмээр байна. Энэ төсөл Монголд анх удаа хэрэгжиж буй. Ураны олборлолтын төсөл анх удаа хэрэгжиж байгаа гэх мэт олон шалтгааны улмаас гэрээ, хэлэлцээр байгуулахад анх төлөвлөж байснаас илүү их хугацаа шаардаж байна.

Монголын талд бид дэлхийн стандартаас давсан сайн нөхцөлийг санал болгож байгаа учраас Монголын талаас нааштай хүлээн авч байгаа гэж ойлгож байна. Энэ төслийн санхүүжилт Франц Улсын “Орано” группээс гарна.

Монголын тал санхүүгийн ямар нэг дарамтгүйгээр эдийн засгийн үр ашиг илүү ногдох нөхцөл санал болгосон. Ураны төсөл нийт 33 жил үргэлжилнэ. Ийм урт хугацааны төсөл учраас хоёр тал харилцан ойлголцож, ярилцах зүйл их бий. Бидний хувьд энэ ондоо багтаж, хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулна гэсэн хүлээлттэй байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар бөгөөд эхний хөрөнгө оруулалт болох 500 сая ам.долларыг “Орано” группээс шууд санхүүжүүлнэ. Үлдсэн хувьд нь “Бадрах энержи” компани тодорхой цаг хугацаанд санхүүжилт хийж, амжилттай хэрэгжүүлнэ

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу