Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр (2024.03.20) Баялгийн сангийн тухай хууль”-ийг өргөн барих талаар танилцууллаа. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанд хуулийн төслийг оруулж батлуулан, УИХ-д өргөн барих чиглэл өглөө. 
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Монгол Улсын Баялгийн сангийн тухай хуулийн талаар УИХ-ын шийдвэр гарч, Засгийн газар боловсруулж танилцуулах үүрэг хүлээсний дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан.
Мөн цаашлаад парламентад суудалтай улс төрийн намууд хооронд Баялгийн сангийн тухай хуулийн концепцоор ойлголцолд хүрч, санамж бичигт гарын үсэг зурсан. Улмаар хаврын чуулганд өргөн барих шийдвэрт хүрсэн. 
Баялгийн санг дотроо гурван сантай байхаар зохицуулсан. Тодруулбал, 
  • “Ирээдүй өв сан”: Өнөөдөр өөрийн хууль эрх зүйн орчноор зохицуулагдаж буй ашигт малтмалын нөөц ашигласны татвараас орж ирсэн орлогын 65 хувиар санхүүжиж, хуримтлал үүсгэдэг нөхцөлтэй. 2030 он хүртэл хуримтлал үүсгэнэ. Түүнээс хойш өөрт хуримтлагдсан хөрөнгөөр ирээдүйд хөрөнгө оруулалт хийх томоохон боломж бүрдүүлэх зорилготой.
  • “Хуримтлалын нэгдсэн сан”: Иргэн бүр өөрийн нэрийн данстай байх зохицуулалтаар хангагдана. Хуримтлалын нэгдсэн санд төвлөрсөн мөнгө, хөрөнгийг иргэн бүр бэлэн бусаар зарцуулах боломж нөхцөлөөр хангагдана. Бэлэн бус хэлбэрээр орон сууц болон боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр ашиглах боломжтой.
  • “Хөгжлийн сан”: Орон нутгийн хөгжлийн сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн санг бүс нутгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Бүс нутгийн хөгжлийн сан” болгон өөрчилсөн. Дан ганц аймаг, сумын бус бүс нутгийн хэмжээнд, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулсан бодлогоор захиран зарцуулна. 

Өнөөдрийн танилцуулгад, 2023 оны байдлаар Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт хийгдсэний дараа 65 хувь нь “Ирээдүйн өв” санд үлдэнэ. Мөн төрийн өмчит компаниудын ногдол ашгийн 34 хувийг “Хуримтлалын нэгдсэн сан”-д төвлөрүүлнэ. Энэхүү мөнгөн дүнг “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2023 оны санхүүгийн үзүүлэлтээр авч үзвэл 1.1 их наяд төгрөг уг санд төвлөрнө хэмээн танилцууллаа.

Мөн “Баялгийн сангийн тухай хууль” албан ёсоор өргөн баригдсаны дараа парламентад суудалтай бусад хоёр нам өөрсдийн концепцийн хүрээнд бүлгийн түвшинд хэлэлцээр хийн үргэлжлүүлэх боломжтой аж. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу