Бидний эргэн тойронд байх хамгийн түгээмэл өвчлөлийн тохиолдол бол “нурууны өвчин”. Таны эргэн тойронд хэн нэгэн удаан зогсож, сууж чадахгүй байгаатай таарч байсан биз ээ. Магадгүй таны ч нуруу чилж өвддөг байх.

Сиднейн их сургуулийн эрдэмтэд “Дэлхий даяар 2050 он гэхэд 800 сая гаруй хүн бүсэлхий нурууны өвдөлтийн улмаас шанална” гэсэн дүгнэлт хийснийг “The Lancet Rheumatology” анагаахын сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтэд 1990-2020 оны хооронд бүртгэгдсэн нурууны өвчлөлийн тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 30 жилийн дотор өвдөлтийн үзүүлэлт дунджаар 60 хувиар нэмэгджээ. Мөн 30 жилийн дараа энэ үзүүлэлт 34 хувиар өснө гэж тооцоолсон байна. Энэ нь шинэ эрин үеийнхний амьдралын буруу хэвшилтэй шууд холбоотой гэжээ.

Та магадгүй өглөө босоод сунгалтын дасгал хийж, ус ууж, гүйж, хөлсөө гаргадаг эрүүл хэвшилтэй нэгэн биш байх. Чийрэг сайхан биетэй, тэр бүр өвдөөд байдаггүй ч байж болно. Харин энэ өвчлөл залуусын дунд нэмэгдэж, ажлын бүтээмж, амьдралын хэвшилд шууд нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.

Учир нь, нэгдүгээрт, нурууны булчин чангарах болон сулрах үед ачаалал нэмэгдэж ,өвчлөл үүсдэг. Мөн буруу суулт, зогсолт болон хэт их ачааллаас өвчлөл үүддэг байна.

“Жаргалан Гранд Мед” эмнэлгийн нуруу, нугасны мэс заслын их эмч Б.Нурбек нэгэн ярилцлагадаа “22 нас хүртэл хүний нуруу огт өвдөх ёсгүй. Гэвч сүүлийн үед энэ өвчин залуужих болсон шалтгаан нь суурьшмал соёл иргэншилтэй шууд холбоотой.

Зарим эрдэмтэд энэ онолтой санал нийлдэггүй. Тэд хүн хүний царай төрх өөр байдагтай адил нурууных нь дискний чанар ч бас харилцан адилгүй гэж үздэг. Зарим хүний нурууны диск хэчнээн удаан суусан ч, мөн хэчнээн хүнд зүйл өргөсөн ч асуудал үүсдэггүй байхад үлдсэн заримынх нь огт өөр байдаг” гэж дурджээ. 

Эрдэмтэд хүний байгаа байрлалаас шалтгаалаад дискэнд үзүүлэх ачааллыг хэмжиж үзжээ. Эгц дээшээ хараад хэвтэж байхад дискэнд ирэх ачаалал 25 хувьтай байгаа бол хажуугаараа хэвтэхэд 75, зогсоо үед 100, суухад 140 хувь гэж үзсэн байна. Эндээс суугаа үед дискэнд ирэх ачаалал их болох нь харагдаж байгаа юм.

Залуус замын хөдөлгөөний “ид түгжрэл”-ийн үед дунджаар 40 минутаас 1 цаг, түүнээс ч урт хугацааг зогсоогоороо өнгөрүүлдэг. Өдрийн турш суугаа ажилтай, хичээлтэй байсан бол орой нь харих замдаа нуруун дахь ачаалал нь улам ихсэх нь.

Улмаар хэдэн өдөр, хэдэн сарын турш ачаалал авсан нуруугаа бид амраахдаа “блок” гаргах нэрийдлээр өргүүлж, даруулж, тар нярхийлгэдэг. Эсвэл бариачид хэдхэн өдөр бариулдаг. Эдгээр нь бага зэргийн үр дүнтэй хэдий ч өвчлөлийг бүрэн эдгээнэ гэсэн үг биш. Харин тухайн өвчлөлийг өөр хүчин зүйлээр эрсдэлд оруулж ч мэдэх юм.

Бид нуруу өвдөхөөр хэд сайхан бариулаад орхидог. Зөвхөн зургийг нь авахуулж, өвчний зэрэглэлийг тогтоож, бүрэн курс эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй гэдгийг тэр бүр тоодоггүй. Мөн дасгал хөдөлгөөн нь ямар ч эмчилгээнээс илүү нурууг эрүүл болгоно. Мэдээж тохирсон ачаалалтай байх ёстой.

Монгол Улсад ихэвчлэн нурууны дискний ивэрхийний улмаас мэдрэл нь дарагдаж, хагалгаа хийлгэх тохиолдол их байдаг аж. Өвчлөлийг эрт үед нь оношлуулахад мэс засал хийлгэхгүйгээр эмийн болон эмийн бус дасгал хөдөлгөөний тусламжтайгаар явцыг хүндрүүлэлгүйгээр тухайн үе шатад нь барьж болно.

Харин хагалгаанд орох заалт бүрдсэн л бол эмийн эмчилгээ үр дүнгүй. Мэдрэл дарагдаад, удаан хугацаанд явбал доод үе мөчний үйл ажиллагаа алдагдах, булчин хатингарших, шээс задгайрах зэрэг өөрчлөлтүүд гардаг байна.

Нурууны өвчин үүсгэх эрсдэл, хүчин зүйлүүд:

Хөгшин, залуу гэлтгүй хүүхэд хэн ч нурууны өвчин тусах боломжтой. Доорх хүчин зүйлүүд нь нурууны өвчин тусах эрсдэлд хүргэж болзошгүй юм.

  • Нас. 30, эсвэл 40 наснаас эхлэн нас ахих тусам нурууны өвчин илүү их тохиолддог. Өдгөө залуус энэхүү өвчлөлд өртөх нь ихэсчээ.
  • Хөдөлгөөний дутагдал. Нуруу, хэвлий дэх сул, ашиглагддаггүй булчингууд нурууны өвчинд хүргэж болзошгүй.
  • Илүүдэл жин. Биеийн илүүдэл жин таны нуруун дээр их ачаалал өгч, дарамт үүсгэдэг.
  • Эмгэг, хууч өвчин. Зарим төрлийн үе мөчний үрэвсэл, хорт хавдар нурууны өвчинд нөлөөлдөг.
  • Хүнд зүйл өргөх. Хөлний булчингаа ашиглахгүйгээр нуруугаа хэт ачааллуулж, хүнд зүйл өргөх нь нурууны өвчинд хүргэдэг.
  • Сэтгэл зүйн байдал. Сэтгэл гутрал, санаа зоволт, сэтгэлийн хямралд өртөмтгий хүмүүс нурууны өвчин тусах эрсдэл өндөр байдаг.
  • Тамхи татах. Тамхи татдаг хүмүүсийн нуруу өвдөх эрсдэл илүү их байдаг. Тамхи татах нь уушгинд ихээр хөнөөлтэй бөгөөд энэ нь амьсгалахад хүндрэлтэй болгож, ханиалгахыг дэмждэг ба ивэрхий диск үүсгэх эрсдэл болдог. Тамхи татах нь нурууны цусны урсгалыг бууруулж, ясны сийрэгжилтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Буруу суулт. Суух, эсвэл зогсож байхдаа биеэ буруу байрлалд байлгах нь нурууны өвдөлтөд ихээр нөлөөлдөг. Хэт их урагш хазайж, хэт хол тонгойх нь нуруу өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сэргийлэх арга:

Биеийн тамираа сайжруулж, биеийн зөв ​​механик дасгал, дадлага хийснээр нурууны өвчнөөс зайлсхийх, эсвэл өвчний дахилтаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Нуруугаа эрүүл, хүчтэй байлгах аргууд:

Дасгал. Бага ачаалал өгөхүйц аэробикийн тогтмол дасгалууд – Нуруугаа чангалдаггүй, цочирдуулдаггүй дасгалууд нь нурууны хүч чадал, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж, булчингаа илүү сайн ажиллуулах боломж олгодог. Алхах, усанд сэлэх нь нэн тустай. Та ямар дасгал хийж болох талаар эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Жингээ хэвийн хэмжээнд байлгах. Илүүдэл жинтэй байх нь нурууны булчингуудыг чангалдаг. Хэрэв та илүүдэл жинтэй бол жингээ хасах нь нурууны өвчнөөс сэргийлнэ.

Тамхинаас гарах. (Хэрэв татдаг бол) Тамхи татах нь таны нурууны өвдөлтийг нэмэгдүүлдэг. Өдөрт татдаг тамхины тоогоор эрсдэл нэмэгддэг тул тамхинаас гарах нь эрсдэлийг бууруулна.

Энэ мэтчилэн жижигхэн зүйлсэд тоомжиргүй хандвал та өөрийн эрүүл мэндээ, хөдөлмөрлөх чадамжаа бүрэн алдах ч эрсдэлтэй. Бид нурууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүхий л ажлуудыг эсрэгээр нь үйлддэг нь нууц биш.

Ид насандаа ажиллаж хөдөлмөрлөх цаг хугацаагаа өвчинд зовиурлаж өнгөрөөхгүйн тулд үр хүүхдээ эрүүл хэв маягт сургаарай.

А.САЙХАН

1 сэтгэгдэл

  1. Mashinii suudal mash ih hamaatai mongolchuud bid ihevchlen nuruunii araas ilvv orolttoi suudalgvi japan, solongos mashin ih unadag, Ford, Benz, audi, bmw, dodge zereg baruunii mashinuudiin suudal ilvv tohitoi, yvah ed angiin shiidel sain baidag.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу