Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн тэнхимийн эрхлэгч Э.Билгүүнтэй ярилцлаа. 

-Нялх хүүхдэд хэдэн сартайгаас хэдэн сүүн шүд ургадаг вэ?

-Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг. Нэг нь сүүн шүд, хоёр дахь нь байнгын шүд. Энэ хоёрын дунд холимог зуултын үе гэж байдаг. Сүүн шүд хамгийн анх 5-6 сартайд шүдэлж эхэлнэ. Үүнийг бид “цахиур цухуйх” гэж ярьдаг. Харин сүүн шүднүүд унаж, байнгын шүднүүд 12-13 насанд солигдож дуусдаг. Сүүн шүд нийтдээ 20, байнгын шүд 32 ургадаг.

-Цахиур цухуйж эхлэх үеэс хүүхдийн шүдийг хэрхэн арчлах вэ?

-Хүүхдийн шүд цухуйж эхэлсэн даруйд асран хамгаалагч нь шүд болон амны хөндийг арчилж эхлэх ёстой. 5 нас хүртэл нь асран хамгаалагч хүүхдийн амны хөндийг арчилж өгнө. 8 нас хүртэл нь хамтарч арчилна. Түүнээс дээш насны хүүхэд бие дааж арчилна. Сүүн шүдтэй үед арчилгаа дутуу хийсний улмаас шүдний цоорол 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд маш өндөр байна. Сүүн шүд гээд оо, сойзоор угаах хэрэггүй гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг.

Ерөөсөө л анх шүдэлж эхэлсэн цагаас бидний хэлдгээр марль буюу самбайгаар арчиж, буцалсан бүлээн усаар зайлж, өнгөрийг нь байнга цэвэрлэж байх шаардлагатай.

Хөхүүл болон холимог хоолтой үед заавал цэвэрлэх ёстой. Үүн дээр яригдах ёстой асуудал бол хооллолт.

-Шүдний чанарыг бат, бөх байлгахын тулд ямар хоол идүүлбэл зохих вэ?

-Чихэрлэг зүйлсийг хязгаарлах нь зүйтэй гэж үздэг. Ялангуяа хийжүүлсэн ундааг хориглох хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь хоолыг тогтмол цагт, тогтмол хэмжээгээр өгөх нь зүйтэй.

Үндсэн өглөө, өдөр, оройн хоолны дундуур “шийр зугаа” гэж ярьдагчлан ойр ойрхон хооллосноор амны хөндий байнга хүчиллэг орчинд оршиж, үүнээс болж шүдний цоорол үүсдэг.

Иймд хооллосон бол амны хөндийг цэвэрлэж, дараагийн хоол хүртэл чихэрлэг зүйлс өгөхгүй байх нь зүйтэй. Нэг уут чихрийг өглөөнөөс орой хүртэл нэг нэгээр нь хүлхээд идчихвэл амны хөндий өдөржин хүчиллэг орчинд байна гэсэн үг. Энэ нь шүд цоорох үндсэн шалтгаан болж байна. 

-Байнгын шүд хэдэн наснаас эхэлж ургах вэ. Энэ үед эцэг, эхчүүд юун дээр анхаарах зайлшгүй шаардлагатай вэ?

-Байнгын шүд 5-6 наснаас шүдэлж эхэлдэг. Сүүлийн үед шүд шүдлэлтийн хугацаа янз бүр болсон.

Байнгын шүднээс хамгийн түрүүнд нэгдүгээр араа шүд буюу том цагаан шүд шүдэлж гардаг. Энэ шүдийг шүдэлсэн даруйд цоорлоос хамгаалах шаардлагатай.

Эмнэлэгт очиж, сийлант буюу ховил битүүлэх ломбо тавиулах хэрэгтэй. Яагаад тавиулах шаардлагатай вэ гэхээр энэхүү шүдний анотоми нь зажлах гадаргуудаа маш их ховил, хонхор ихтэй. Энэ ховил хонхрыг сойзоор угаасан ч хоолны үлдэгдлүүд үлдэх магадлалтай. Тэгэхээр шүдэлсэн даруйд нь эмнэлэгт очиж сийлантаар битүүлчихвэл энэ шүдийг цооруулахгүй байх боломжтой гэсэн үг. 

-Хүүхдийн сүүн шүд унаж дуусахад л байнгын шүд гардаг гэх ойлголт эцэг, эхчүүдийн дунд түгээмэл байна. Энэ үнэн үү? 

-Холимог зуултын үе гэж өмнө нь ярьсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхдийн амыг ангайлгаад харахад зарим шүд нь сүүн шүд, зарим нь байнгын шүд байна гэсэн үг. Сүүн шүд хугацаандаа унаж дуусахад хүүхэд 12-13 насандаа байнгын шүдтэй болдог. Тэгэхээр сүүн шүдний доороос дараагийн байнгын шүд шүдэлдэг. Гэхдээ сүүн шүд 20 бол байнгын шүд 32 байдаг учраас сүүн шүд унасны дараа байнгын шүд гардаг гэдэг өрөөсгөл ойлголт юм.

-Сүүн шүдийг яагаад хамгаалах ёстой байдаг вэ?

-Хүмүүсийн дунд “сүүн шүд угаасаа уначих юм чинь” гээд цооролтыг тоохгүй байх хандлага байдаг. Хүн эрүүл шүдтэй байна гэдэг нь дан ганц эрүүл мэнд талаас биш, тухайн хүүхдийн суралцах чадвар, бие бялдрын хөгжил, сэтгэл санаа, анхаарал төвлөрөх хугацаанд нөлөөлнө. Эрүүл шүдтэй хүүхэд илүү онц сурах магадлалтай байдаг. Тэгэхээр сүүн шүдийг “солигдчих юм чинь” гэж үл ойшоосноор дараагийн шүдлэх байнгын шүднүүд мөн адил цоорох магадлалтай. Өөрөөр хэлбэл, сүүн шүд цооролттой унах нь байнгын шүд өвчлөх суурь болдог.

Шүд цоорол нь халдварт өвчин учир цоорлыг бүрэн эмчилж зогсоох л хэрэгтэй. Хүний амны хөндийд цооролттой шүд байх ёсгүй юм. 

-Цоорсон сүүн шүдийг эмчлүүлэхгүйгээр авахуулах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Ер нь сүүн шүдийг ч, байнгын шүдийг ч тэр авахуулах нь буруу. Авахуулах хэмжээнд хүрсэн, цоорлын хүндрэлүүд үүссэн нөхцөлд эмч онош тавьж, шүдийг авдаг. Авсан тохиолдолд дараагийн шүд гарч иртэл онгорхой зайг нөхөх арга хэмжээ авах шаардлагатай юм. Ингэж хадгалаагүйн улмаас дараагийн шүднүүд өөрийнхөө үндсэн байрыг олж шүдлэхгүй байх, шүд, эрүү, нүүрний гажиг үүсэх магадлалтай гэсэн үг. 

-Сүүн шүднүүдийг цоорлоос хамгаалах аргуудаас хэлж өгнө үү?

-Хамгийн хямдхан, хамгийн энгийн байнга хамгаалж болох арга бол шүд угаах. Бусад арга гэвэл хооллолтод нь анхаарах, эмнэлэгт тогтмол үзүүлэх зэрэг нь шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Ахуйн нөхцөлд шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх гол арга бол шүд угаалт, мөн шүдний утас хэрэглэж, шүд хоорондын завсрыг цэвэрлэж өгөх юм. 

-Хүүхдийн хоолыг эцэг, эх, асран хамгаалагч нь амандаа хийж зажилж өгдөг. Энэ нь шүд цоорлын суурь болох уу?

-Болно. Ерөөсөө л халдвар ингэж дамжина гэсэн үг. Шүдний цооролттой асран хамгаалагчаас бактер хүүхдийн амны хөндийд очиж байна гэсэн үг. Тэгэхээр халбага дамжуулах, амнаас хоол өгөх нь буруу. Сүүлийн үед залуу ээжүүд үүнийг мэддэг болсон. Халбага, угж, сооска зэргийг маш сайн угааж, ариутгаж хэрэглэдэг болсон байна.

Амнаас аманд хооллоно гэдэг огт байж болохгүй асуудал.

-Хүүхдийн оо, сойзыг хэрхэн сонгох вэ?

-Бүх насныхан шүдний сойзыг үүдэн хоёр шүдний өргөнтэй тэнцүү үстэйг сонгох хэрэгтэй. Жижиг хэмжээтэй байснаар хамгийн арын араа шүдний арын гадаргуунд сойз хүрнэ гэсэн үг. Том үстэй сойз байх тусмаа нарийн цэвэрлэгээнүүдийг хийх боломж бага болдог. Тэгэхээр сойзны үс жижиг, өөрийнх нь шүдэнд тохирсон хатуулагтай байх хэрэгтэй.

Хүмүүсийн дунд зөөлөн үстэй сойз сайн гэсэн ойлголт байдаг. Шүдний сойзны үс зөөлөн, дундаж, хатуу гэсэн гурван янз байдаг. Ямар сойз хэрэглэх талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Жишээ нь, маш хүчтэй дарж угаадаг хүмүүс хатуу үстэй сойз хэрэглэвэл шүднийхээ хатуу эдийг элэгдүүлдэг.

Шүдийг хэт чанга үрж угааснаар эмгэг элэгдэлд хүргэнэ.

Иймд зөв шүдний сойзоор зөв даралттай угаах хамгийн чухал. Сойзыг сар тутамд шинээр сольж байх хэрэгтэй. Ооны хувьд бага насны хүүхдэд фторгүйг зөвлөдөг. Шүдээ угаах чадваргүй бага насны хүүхдэд оо хэрэглүүлэхгүйгээр, бүлээн ус, сойзоор угааж болно.

Насанд хүрэгчдийн тухайд ооны сонголт маш их байдаг. Тухайн хүн амны хөндийн ямар асуудалтай байгааг харгалзаж сонгох хэрэгтэй. Жишээ нь, буйлны үрэвсэлтэй бол давсны найрлагатай оо хэрэглэнэ. Хэт мэдрэгшилтэй байгаа бол эрдэс ихтэй оо хэрэглэх хэрэгтэй. Оог шүдний сойзон дээр бага хэмжээгээр түрхэж, тогтмол, зохистой хэрэглэх нь зүйтэй.

-Зарим хүмүүс шүдээ угаасны дараа хуурай сода сойзон дээр тавьж угаадаг. Энэ нь хэр зөв бэ?

-Шүдийг цайруулах зорилгоор хүмүүс ихэвчлэн тэгж хэрэглээд байдаг. Зарим нь бүр сода дээрээ лимон дусааж хэрэглэдэг. Удаан хугацаанд ингэж угаавал хэт мэдрэгшилд хүргэнэ. Яагаад мэдрэгшиж байна вэ гэхээр паалан нимгэрч байна гэсэн үг.

Энэ арга зарим хүнд үр дүнтэй байж болох ч, тогтмол тэгж хэрэглэж болохгүй ээ. Яагаад гэвэл шүднийхээ хатуу эдийг алдаж байна гэсэн үг. Тэгэхээр зөвлөгөө авах хэрэгтэй. Шүд цайруулах олон төрлийн эмчилгээнүүд гарсан байна.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

Л.ХОНГОРЗУЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу