УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, Монголын улс төрийн амьдрал “амь оров”. Монголын баяр ч дуусахгүй, дуулиан ч дуусахгүй хойно “хүхэртийн хөндий”-дөө хөөртэй амьдрал үргэлжилсээр. Хаврын чуулган эхлэх, Монгол цэргийн өдрийг далимдуулан хаанаас ч ямар зорилготой нь үл мэдэгдэх Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-тэй холбоотой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирэв.

Ц.Мөнх-Оргил тэргүүтэй хууль санаачлагчдын оруулж ирсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс ажил амьдралын хэмнэлдээ түүртэж, баяраас баярын хооронд зүтгэж яваа монголчуудын анхаарал сарнихыг анддаггүй танил технологи анзаарагдаж байна.

УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчнийхээ нэрийг “хичээж”, энэ хуулийг хэлэлцэхээс татгалзаж байгаагаа илэрхийлэв. Тус бүлгийн хуралдааны мэдэгдлийг сонсож байж л энэ хуулийн талаар олон нийт бага сага мэдээлэлтэй болов. Гэхдээ Лхагва гарагт хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар арван гишүүний зургаа нь дэмжсэн тул УИХ-ын чуулганаар энэ хуулийн төсөл орохоор болсон.

Хоёр жил хагасын турш ажилласан гэх энэ хуулийн төсөл бусад хуулиудтайгаа зөрчилдсөн, алдаа ихтэй байгаа талаар хүмүүс жиг жуг гэлцэж байна. Хуулийн мэдлэг тааруухан хүний нүдээр харахад ч логикийн алдаатай зүйл нэлээд байгаа харагдана. Засгийн газраас өгсөн саналд ч энэхүү алдаануудыг тоочжээ. Тухайлбал, Дунд суудал зургаан гишүүнтэй байхаар заажээ. Тэгш тоотой үед санал тэнцвэл яах вэ гэж сануулсан байгаа юм.

Ямар ч хүн таслах зорилготой хурал сондгой тоотой байхыг мэдэх учиртай сан. Мөн төслийн 15.4-т цэцийн гишүүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахыг хориглохоор заасан нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-т заасантай нийцэхгүй байна, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсох, түүнийг сэргээх, түүнчлэн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх гээд уг хуулиар зохицуулагдахгүй асуудлууд байгааг хасахыг зөвлөжээ.

Ер нь энэ төсөлд хамаарах хамаарахгүй баахан заалтыг хамж шимээд оруулсан байдал харагдаж байгаа юм. Ойлгоход нэг бэрх заалт нь, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татдаг байсан.

Гэтэл шинэ хуулийн төсөлд ҮХЦ-ийн дарга, гишүүн нь хууль зөрчвөл эгүүлэн татах эсэхийг  ҮХЦ өөрөө хэлэлцэх гэнэ. Хууль зөрчсөн хэн нэгэн хууль зөрчсөн эсэхээ өөрөө дэнслэх тухай юм. Энэ нь ҮХЦ-ийн зөв бурууг хууль битгий хэл бурхан ч дэнслэх эрхгүй болгох янзтай.

Сүүлийн жилүүдэд ҮХЦ-ийн нэр хүнд унаж, Үндсэн Хуулийн хүрээнд иргэдийн эрхийг хамгаалах бус төрийн “эрх”-ийг иргэдээс хамгаалдаг болсон нь нууц биш. Үүнийгээ ч ил цагаан хуулиар баталгаажуулахаар зүтгэж байгаа бололтой.

Энэ шинэ хуулийн төсөлд эрх бүхий албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахад хугацаа заагаагүй атал иргэн өргөдөл, мэдээлэл гаргахад тодорхой хугацаа хамаарахаар тусгажээ. Энэ заалт яалт ч үгүй иргэн хүний эрхийг бус, төрийн “эрх”-ийг хамгаалах заалт гэж харагдаж байна.

Иргэний боловсрол, хуулийн мэдлэг тааруу иргэдийнхээ сул талыг эрх мэдэлтнүүд ашиглаад удаж буй. Хэдий ажил, амьдрал гээд завгүй ч монголчууд анхаарлаа сарниулж огт болохгүйг илтгэх энэ мэт жишээнүүд цөөнгүй.

Ахиад ч эрх ашиг үнэртсэн энэ мэт хуулиуд сиймхийгээр орж ирэхийг үгүйсгэхгүй. Элдэв сошиал дуулиан, хэрүүл маргаанд анхаарлаа сарниулахгүй энэ мэт асуудалд анхаарч, “үүдээ” сахих хариуцлагатай мөч шүү.

Э.БААТАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу