Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан нийт 16 сая толгой мал хорогдож болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлжээ. Энэ тухай Монгол Улсын Их хурал дахь эрх баригч Ардын намын бүлгийн хуралдааны дараа тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Дуламдоржийн Тогтохсүрэн мэдэгдэв.

Тэрбээр “МАН бүлгийн хуралдаанаараа өвөл ер бусын хүйтэн болж, хаваржилт хүндэрсний улмаас мал олноор хорогдсон асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний талаар Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы мэдээллийг сонслоо. Засгийн газрын тооцоогоор 16 сая орчим толгой мал хорогдож болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байна” гэж хэлсэн.

Монгол Улсад 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ер бусын хүйтэн өвөл болж, хаваржилт хүндэрсний улмаас үхсэн малын тоо бараг 4 саяд хүрээд байгаа аж. Монголын мал аж ахуй эрхлэгчдэд зориулсан Оросын хүмүүнлэгийн 8.5 мянган тонн баяжуулсан тэжээлийн буцалтгүй тусламжийн эхний ээлж гуравдугаар сарын 18-нд Бүгд Найрамдах Буриад Улсаас ирсэн байна.

Монгол Улс эрт дээр үеэс нүүдлийн мал аж ахуйгаа хадгалж ирсэн цөөхөн орны нэг юм. Мал аж ахуй нь ашигт малтмал олборлох, экспортлохын нэгэн адил тус улсын эдийн засгийн гол салбаруудын нэг юм. Нийт 3.4 сая хүн амтай Монгол Улс 2023 оны эцсийн байдлаар 64.7 сая малтай болсон байна.

Байгалийн гамшиг “ЗУД”

Монгол Улсад нийт 189.3 мянган өрх жилийн дөрвөн улиралд мал тэжээж, өсгөн үржүүлж байна. Албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын дөрвөн иргэн тутмын нэг нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Монголчууд мал бэлчээргүйдэн, өлсөж, олноор үхэхийг “зуд”-ын гамшиг гэж нэрлэдэг.

Монгол Улсад сүүлийн 20 жилд 2023-2024 оных шиг хатуу өвөл болж байгаагүй аж. Тус улсад 38-49 градус хүйтэн, хур тунадас ихтэй, нийт нутаг дэвсгэрийн 80-90 хувьд 38 см, зарим газраа 60 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Монголын цаг уурчид “Хавар хүчтэй цасан болон шороон шуургатай, хүйтэн байна” гэж таамаглаж байна.

Эх сурвалж TASS, EMEAT
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу