Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар Засгийн газрын тэргүүний албан тушаааасаа огцорч байгаагаа мэдэгджээ. “Файн Гаэл” (Fine Gael) намын тэргүүн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Би 2017 оны зургадугаар сард намын дарга, Ерөнхий сайд болохдоо удирдагч хүний ​​нэг онцлог бол эрх мэдлийг хэн нэгэнд шилжүүлэх шаардлагатай үед зайгаа тавин өгч, зоригтой алхам хийх явдал гэдгийг мэдэрч байсан. Тэр цаг иржээ. Тиймээс би өнөөдөр “Файн Гаэл” намын даргын албан тушаалаасаа огцорч байна.

Намын шинэ дарга албан тушаалаа авмагц би Ерөнхий сайдын суудлаасаа огцорно” гэж хэлснийг RTE телевиз дамжуулжээ. Гэвч тэрбээр ийм шийдвэр гаргах болсон шалтгааныхаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Варадкар 2025 оны гуравдугаар сард болох сонгуульд намаа шинэ дарга удирдан зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Миний огцрох болсон шалтгаан нь хувь хүний ​​болоод улс төрийн хүчин зүйлстэй холбоотой. Гурван намаас бүрдсэн эвслийн Засгийн газар шинэ сонгууль явуулах нь манай улсын ирээдүйн төлөөх зөв алхам болно гэж би үзэж байна.

Би сайтар бодож тунгаан, өөртөө шүүмжлэлтэй хандаж, дүн шинжилгээ хийсний эцэст шийдвэр гаргасан бөгөөд шинэ Ерөнхий сайд надаас илүү сайн ажиллана гэж бодож байна. Энэ албан тушаалыг долоон жил хашсан би бээр өөрийгөө хамгийн сайн Ерөнхий сайд байсан гэж бодохгүй байна” гэж хэлжээ.

Варадкар хэлэхдээ, дөрөвдүгээр сарын 16-нд “Файн Гаэл” намын их хурал хуралдаж, шинэ удирдагчаа сонгохоор төлөвлөөд байна. Парламентын гишүүд Улаан өндөгний баярын амралтаас буцаж ирээд, намын даргаа Ирландын Ерөнхий сайдаар томилно гэжээ.

Боломжит залгамжлагчдын тухай

Өдгөө 45 настай Варадкар 2022 оны арванхоёрдугаар сараас хойш Ерөнхий сайдын албан тушаал хашиж буй. Үүнээс өмнө буюу 2017-2020 онд тэрбээр тус улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.

“Independent Irish” сонин “Файн Гаэл”-ийн шинэ удирдагчийн албан тушаалд Ирландын Төсвийн зардал, шинэчлэлийн сайд Пасхал Донохоэ, Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацийн сайд Саймон Харрис, Аж ахуйн нэгж, худалдаа, хөдөлмөр эрхлэлтийн сайд Саймон Ковени, Нийгмийн хамгаалал, олон нийт, хөдөө орон нутаг, арлын хөгжлийн яамны сайд Хизер Хамфри нар нэр дэвшиж буй талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: FTE
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу