НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1999 онд тунхагласнаар “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг болсон билээ. Эл өдөр уншигч танд Монголын яруу найргийн өнөө цагийн цоо шинэ өнгө аяс бүхий залуу найрагчдын шүлгүүдээс хүргэж байна. 

“Цагаан Уул” наадмын тэргүүн шагналт яруу найрагч М.Дэвээжаргал

Зангираад байгаа сэтгэлийг
Задгайлан алхахад хань болдог
Дуу шиг хүний үр болоорой, та
Санааны манан сарниад ирэхээр
Салхины нурууг даган бөхийдөг
Намар шиг хүний үр болоорой, та
Дагжим ч гэлээ амьдралд хайртай
Дахиад төрсөн ч харамсахгүй гэдэг
Хавар шиг хүний үр болоорой, та
Дуу мэт
Намар мэт
Хавар мэт хүн болоход минь
Та миний үр болоорой
Яруу найрагч Б.Алтанхуяг
Өөнтөгч, өрөвдмөөр бодлууд бие дотуур
Үргэлжид мөсөн доорх загас адил
Дулаан усандаа атиралдан сэлэх шиг
Дуусашгүй, өнө мөнхөд үргэлжлэх нь
Дурсамжтай төсөөтэй ч жаахан жиндүү
Өвөл ингээд төгсчихнө гэхээс
Өнөөх Бедламын дуу чихэнд хадна.
Нар хундан улаан туяагаа жавартай тэнгэрт цацахыг
Нэгэн насны дурлалтай дүйцүүлж болох
Навчис мөчрөөсөө тасралгүй агаарт бутрахыг
Нөгөө ертөнцийн элчис ажиж зогсоод давсаар уйлах
Үзэсгэлэнт ийм өвөл дуусчихна гэхээс
Үргэлжид чихэнд Бедламын цөхрөл сонстоно.
Унасан хүлэг чинь шидтэй сэн гэв үү?
Угтах зам төгсөшгүй манхан бил үү?
Урдаас ийм цөллөгийг бурхан бэлдэхдээ
Урт өвлийг цэглэчихсэнд бус уу?
Цохилох зүрх цэвдэг хүйтнээс
Цагийн холд үл тасрах найдварыг олж
Өвөл хэмээх нь үстэй дээлийн нударга шиг
Өвгөдөөс үлдсэн сүүлчийн зэмлэл үгс болоод
Өнөөдөрт надад ус уух аяга болж үлдсэн юм.
Хамгаас төгөлдөр тийм өвөл дуусахад
Хүслийн жолоогоо Бедламын хүлэгтэй нэгтгэнэм.
Цөхрөлийн дуугаа элчисгүй, цасгүй аялсаар
Цөлийн дундуур цаг хугацаагүй тэнүүчилнэм.
Итгэл алдрахад хоолойдоо зориулах
Илд агсахаа хэзээд үл мартнам, бид.
Сэтгүүлч, яруу найрагч Л.Сайнбаяр 
Чи надаас таазанд буй аалзыг
Түргэхэн алж өгөхийг гуйдаг
Хамгийн зөв үхэл бол амьд явах юм гэнэ лээ
Хайрламаар зүйлсээр амьдрал дүүрэн шүү дээ!
Чихээ дараад уйлдаг, аймхай охин минь
Чимээгүйхэн би сандал дээр зогсоод
Чиний айдсыг аяганд хөмөрч авдаг
Хаалгаар гаргаж, цааш алх гэж аалзанд дохиод
Хамгийг чадагч баатар болчихоод эргэж тэвэрдэг
Чи надаас хайр нэхдэг болохоор
Чамаас бусдыг хайрлах учиртайг ойлгоод
Энэрч барах, өршөөж чадах бүхнээ
Айдас чинь байсан ч
Аймшиггүйгээр би
Аяганд тосож, алгандаа өргөөд
Амьд үлдээнэ…
Яруу найрагч Ж.Эдмон 
Ичингүйрэлдээ хацар чинь улаа бутарч суудаг
Ийм инээмсэглэлээр чинь өдөр бүр би гэрэлтэж
чадна
Ягаан модод навчсаа гөвж дуусах үеийн
Яруу найраг шиг тунгалаг өдрүүд чиний
инээмсэглэл юм
Хацар дээр чинь үнсэх гэж тэмүүлээд цасан
ширхэгүүд
Чамайг тоохгүй болохоор бороо болон асгардаг
Чамтай тэр бороонд инээлдэн нороод
Хацар дээр чинь үнсмээр байна
Нар жаргах үеийн шувуудын гунигт хотоор
Гараас чинь атгаад гунигийг үргэтэл
Шүлгээ уншаад алхмаар байна
Чангаас чанга тэвэрмээр байна
Ягаан модод ургадаг их сургуулийн гудамжинд
Яруу найраг шиг тунгалаг ая эгшиглэдгийг
Чиний инээмсэглэлээр гэрэлтэж байдаг
Чиний үнэртэй гудамжинд
Чамд шүлэг бичиж суудаг яруу найрагч шиг
гунигтай
Шонгийн моддоос ягаан цагаан гэрлүүд
цацардагийг чи мэдэх үү
Миний нүдээр чи өөрийгөө харвал
Намайг яагаад ийм шүлэг бичсэнийг ойлгох болно
Үргэлжид гэрэлтэж байдаг нүдэн цэцгийн
Улаан ягаан шар дэлбээнүүдийг
Хайртай, хайргүй гээд нэг нэгээр нь тоолоорой
Өрлийн моддын цагаахан цэцэгс шиг
Үнэхээрийн гоо үзэсгэлэнт минь
Намрын хайрын уянгат шувуудын дуу
Чиний минь нэр юм Мойл нүдэт минь
Яруу найраг шиг тунгалаг өдрүүд чиний
инээмсэглэл болохоор
Ягаан моддоосоо навчис унаж дуусах үеийн
Инээмсэглэлээр чинь өдөр бүр би гэрэлтэж чадах
учраас
Улаа бутарсан хацрандаа чи ичингүйрэн суудаг уу.
Яруу найрагч Тө.Бямбасүрэн
Арван настайдаа би зуухан дээр мөнгөн ус ууршихыг харж билээ
алт нь тунаж үлдээд, эмийн нэг туншил дүүрснийг санаж байна
хөвгүүд тэр үед алт ухдаг, самар түүдэг, тоосго зөөдөг байсныг
хөвгүүд тэр үед шороонд даруулдаг, өндрөөс унадаг, сургууль завсарддаг байсныг ч санаж байна
энэ хүүхдүүдийн зүрхний цохилт бол
эх орны минь зүрхний цохилт
ээжүүдийн минь эвэршиж хагарсан өсгий бол
эх орны минь амь зууж алхсан хөл
энэ жилүүдийн архины үнэр эх орны минь үнэр
эцгийнх нь шидсэн зургийн жааз, цайны данх толгой дээгүүр нь шунгинахад
эр цэргүүд суман дор гүйх шиг хүүхдүүд гэрээсээ зугтана
энхрий хүмүүс эрмэг насандаа хавдраар
эрсдэж унана, эх орон ард түмнийхээ
эмзэглэл зовлон бүрийг бичиж үлдээхийг мөрөөднө.
чиний таталган бичиг бол -эх орны минь
“чихэн дээр хүүхдүүд уйлж байхад, хэвтэрт борчууд амьсгал татахад
мэргэ төлгө, ид шид, сүсэг бишрэл, өлөн зэлмэн дунд
мэргэжилгүй, хөрөнгө мөнгөгүй, эрх чөлөөтэй гараараа таталсан бичиг билээ”
таталган бичиг чинь эх орны минь бичиг учраас
тамирдсан дуу хоолой чинь эх орны минь дуу хоолой
шартсан, хордсон, хүчирхийлүүлсэн, гадуурхагдсан бие чинь
шаналгаат эх орны минь дорой бие
хүнсний гаазанд мансуурахыг нь харсан
хүүхэд насны он чацуутнууд
эх орны минь шахагдсан невроз билээ.
чиний дадсан ажил бол эх орны минь дадсан ажил
чийрэг, бүрэг, цөхрөнгө халаасанд чинь ханш нь бий!
амандаа цухалдах үгс чинь эх орны минь
арьсан дээр нүүрсээр бичээд
асаасан учраас тамга шиг түлж байгаа тэр үгс
аргаа барсан, багтарсан, “шударга ёс” гэсэн үгс билээ.
Сэтгүүлч, яруу найрагч А.Азсайхан
ЭЭЖДЭЭ
Ээжийг дэлгүүрт өртэй болгосон
Энэ гутлыг өмсөөд явахдаа
Харих зам хэчнээн холыг мэдэрдэг.
Харцны үзүүрт л тордог жижигхэн бор сууц минь
Намайг орхиод холын хол нүүчихсэн юм шиг санагддаг.
Худалдагч эгчийн инээмсэглэлээс өөр хүйт даах юмгүй
Сумын бөөний төвийн гадаах модон сандал дээр цуглах
Согтуу ах нарын өнөө л чанга дуу илүү дулаахан байдаг.
Харих замыг минь уртасгах ийм учралууд
Шоргоолжны үлгэр мэт.
Шоргоолжны үлгэрээсээ ч бяцхан амьдралынхаа
Шоргоолж нь болж амьдрах миний л ээж…
Судлаач, яруу найрагч Б.Санчир
Эндэхийн шувуу бүхэн
Урьд насандаа хүн байгаад
Аль нэг нь миний эхнэр байсан бол…
Хайрт минь хэний тагтан дээр     
Тэнгэрийн хэлмэрч хийж байгаа бол…
Энэ хотын мод болгон
Урьд төрөлдөө хүн байгаад
Аль нэг нь миний эхнэр байсан бол…
Хайрт минь надаас ч урт настай болчихоод
Хаана даарч зогсоо бол…
Өнөө бидний дуулдаг гунигийн дуунууд
Урьд цагт хүн байгаад
Аль нэг нь миний эхнэр байсан бол…
Яг аль нь чиний тухай дуу юм бэ?
Булган нударгыг шалчийтал уйлжээ
Хайрт минь энэ чи мөн үү…?
Цээл хоолойтой хүний үр
Бид хоёрыг уулзуулна…
Хаврын урь хэдийнэ хотод минь ирсэн эл өдөр гэгээн тунгалаг болоод гунигтай хөндүүр бүхнийг өгүүлэгч яруу найрагчдадаа “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийн мэнд дэвшүүлье.
А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

  1. Сэтгүүлч яруу найрагч Л.Сайнбаярын шүлэг үнэхээр гайхалтай санагдлаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу