УИХ-ын чуулганы Пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар яг одоо Цусны донорын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, холбогдох байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар танилцуулав.

Тус хуулийн төсөлд цус сэлбэлт, судлалын харилцаанд оролцогч байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, цусны донор, сэлбүүлэгч, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавих шаардлага, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, устгах зэрэг бүхий л үйл ажиллагааны зохицуулалт, мэдээллийн сан, донорыг алдаршуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгажээ.

Цусны донорын тухай хуулийн төсөл батлагдсанаар иргэд чанартай, аюул эрсдэлгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, удирдлага, тогтолцоо болон үйл ажиллагаа шинэ шатанд гарах, сургалт, сурталчилгаа, донорыг алдаршуулах, урамшуулах ажил сайжирч, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц гарах, онцгой байдлын үед тасалдал, дутагдал үүсэхгүй болох нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагчид үзсэн байна.

Монгол Улсын хүн амын тоонд эзлэх 24-45 насны идэвхтэй донорын хувь хэтдээ хоёр дахин буурах төлөвтэй байгаа бөгөөд дунджаар 20 орчим жил үргэлжлэх хүн амын цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасралтгүй хангах нь тулгамдсан асуудал болохоор байгаа аж.

2021 оны байдлаар улсын хэмжээнд 19337 цусны донор бүртгэлтэй байгаагаас 7837 нь тогтмол цусаа хандивладаг байна. Улсын хэмжээнд аймгийн болон бүсийн эмчилгээ, оношлогооны төвүүд, алслагдсан дүүргийн эмнэлгүүдийг түшиглэсэн нийт 26 цусны төв ажилладаг бөгөөд тухайн эмнэлэг, төвүүдийн удирдлагад ажилладаг аж.

Цуглуулсан цусны нэгж бүрд халдварын шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн 78 хувийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) дангаараа бүрдүүлж байна.

Цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд цусны төвүүдийг төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар үндэсний хэмжээнд зохицуулах нь цусны чанар, аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд чухал нөлөөтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвлөдөг.

Мөн энэ үйл ажиллагааны тогтолцоо нь нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай байх, бүх шатанд үр дүнтэй, зохистой ажилладаг алба, хүрэлцээ, хангамж, аюулгүй байдлыг үнэлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагатай байхыг зөвлөмж болгож буй аж.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу