Японы Эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нарын цорын ганц хүүхэд, гүнж Айко өнгөрсөн Лхагва гарагт Японы Гакүшюин их сургуулийг төгссөн бөгөөд ангийнхантайгаа өнгөрүүлсэн өдрүүдээ “Мартагдашгүй” гэж тодорхойлсон байна. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сараас Японы Улаан загалмайн нийгэмлэгийн Токио дахь төв байранд ажиллах ажээ.

Айко төгсөлтийн ёслолд оролцохдоо сэтгүүлчидтэй уулзаж, “Би их сургуульд дөрвөн жил үр бүтээлтэй суралцлаа. Гайхамшигтай профессор, найз нөхөдтэйгөө уулзаж чадсандаа үнэхээр их баяртай байна” гэж хэлжээ.

Тэрбээр 2020 оны дөрөвдүгээр сард Гакушюин их сургуульд элсэн орсон ч коронавирусын улмаас эхний гурван жилдээ онлайнаар суралцаж, 2023 оны дөрөвдүгээр сараас тус их сургуульд биечлэн сурч эхэлсэн аж.

Айко удаан хугацааны туршид онлайнаар суралцсаны эцэст хичээлд сууж эхэлсэн өдрүүдээ эргэн дурсаад, ангийнхантайгаа суралцах, номын санд судалгааны төсөл дээр ажиллах зэрэг сургуулийн жирийн үйл ажиллагаа ямар үнэ цэнтэй болохыг ойлгосноо Эзэн хааны гэр бүлийн агентлагаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Японы гүнж XII зууны Эзэн хааны гүнжийн бичсэн япон шүлгийг сонгон, төгсөлтийн ажлаа бичсэн байна. Тэрбээр ирэх сараас Улаан загалмайн ажилтны шинэ амьдралаа эхлүүлэхээ дурдаад, “Би албан үүргээ ч, (Улаан загалмайн) ажлаа ч биелүүлж, нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу