Украины Ерөнхий сайд Денис Шмихал “Киев Европын Холбооны санхүүгийн хөтөлбөрөөс 4.5 тэрбум евро буюу 4.88 тэрбум ам.долларын эхний транчийг өнгөрсөн Лхагва гарагт хүлээн авлаа” гэж мэдэгдэв.

Оростой хийж буй дайн гурав дахь жилдээ үргэлжилж, Украин барууны түншүүдийнхээ санхүүгийн тусламжаас ихээхэн хамааралтай байгаа ч энэ оны эхний хоёр сарын байдлаар гадаадын санхүүжилт багассан байна.

Шмихал олон нийтийн мэдээллийн хэрэгслийн X платформ дээр “Энэ нь манай эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж байна” гэж бичжээ.

Украин улс орлогынхоо ихэнхийг батлан ​​хамгаалах салбартаа зарцуулж, барууны холбоотнуудын мөнгөөр ​​төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр олгох, нийгмийн бусад зардлыг дэмжихэд зарцуулж байгаа аж.

Өнгөрсөн сард Европын холбооноос Украинд дөрвөн жилийн хугацаатай, 50 тэрбум евро (54.20 тэрбум ам.доллар)-гийн санхүүжилтийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Украины Сангийн сайд Сергей Марченко “Энэ санхүүжилт нь засгийн газарт нийгэм, хүмүүнлэгийн нэн тэргүүний хэрэгцээг санхүүжүүлэхэд тусална” гэж хэлсэн байна.

Киев санхүүжилтийн бүх шаардлагыг хангасан тохиолдолд ирэх дөрөвдүгээр сард Европын холбооноос 1.5 тэрбум евро буюу 1.63 тэрбум ам.долларын санхүүжилт авах боломжтой талаар тус улсын Сангийн яамнаас мэдэгджээ. Улмаар “Украин улсын санхүүг удирдах, авлигатай тэмцэх, бизнесийн орчныг хөгжүүлэх зэрэг гол шинэчлэлийн ахиц дэвшлийг харуулахыг шаардаж байна” гэж мэдээлсэн байна.

Европын холбооны тусламжийн хөтөлбөрийн зорилго нь Украинд макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалахад нь туслах, дайн үргэлжилж байгаа энэ үед эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх засгийн газрын хүчин чармайлтыг дэмжих ажээ.

Европын холбоо мөн гуравдугаар сарын эхээр Украинд цэргийн тусламжийн санхүүжилт болгон 5 тэрбум евро буюу 5.42 тэрбум ам.доллар ($1=0.9226 евро) олгохоор тохиролцсон байна.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу