“MEC” судалгааны байгууллагаас сар бүр хийдэг улс төрийн барометрийн гуравдугаар сарын дүн гарчээ. Тус судалгаанд зарим улстөрчдийн үйл ажиллагааны талаар болон улс төрийн хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудлаар олон нийтийн санал, дүгнэлтийг цуглуулан, нэгтгэсэн байна. Судалгааны дүнг танилцуулъя.

/Судалгааг авахдаа Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1206 иргэнээс квотчилсон, санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна/

ИРГЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ “АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА” ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

Сүүлийн гурван сарын турш Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээ өөрчлөгдөөгүй байна. Иргэд түүний үйл ажиллагааг 1-10 хооронд дүгнэхдээ 2022 оны долдугаар сард хамгийн өндөр буюу 6.4 оноонд өгч байжээ. Түүнээс хойш энэ оны нэгдүгээр сар хүртэл буурсаар 5.8 болж, сүүлийн гурван сард энэ тоо өөрчлөгдсөнгүй.

Ингэж дүгнэхдээ, судалгаанд оролцсон иргэдийн 31% нь түүнийг “Ажлаа хийж чадахгүй байна” гэж тайлбарласан байна. Харин 30% нь үнийн өсөлтөөс болж ийм дүн өгсөн гэжээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТОМИЛОГДСОНООСОО ХОЙШИХ ХАМГИЙН САЙН ҮНЭЛГЭЭГЭЭ АВЛАА

Энэ сарын дүнгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүнд өсөж, иргэдээс 6.9 оноо авчээ.  Энэ нь түүний Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш иргэдээс авч буй хамгийн сайн үнэлгээ болж байна. Ерөнхий сайдын үүрэгт ажлаа авсан 2021 оноос энэ оны хоёрдугаар сар хүртэл иргэд түүнд 5.4-6.6 оноо өгдөг байжээ. 

Ингэж дүгнэхдээ, судалгаанд оролцогчид түүнийг “нүүрсний хулгайтай тэмцэж байгаа”, “намаа цэвэрлэж байгаа”, “шинэ санаа, санаачилга их гаргадаг”, “эдийн засгийг сэргээх бодлого барьж ажиллаж байгаа” гэх мэтээр тайлбарлажээ. Харин санал өгсөн иргэдийн  29% нь “Үнийн өсөлтөөс болж”, 17% нь “худлаа попордог” гэсэн байна.

 УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ ӨМНӨХ САРУУДААС ӨССӨН Ч, СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ДИЙЛЭНХ НЬ “ҮР ДҮНТЭЙ ШИЙДВЭР БАЙХГҮЙ” ГЭЖ ХАРИУЛЖЭЭ

Судалгаа авах бүрт л иргэд УИХ-ын үйл ажиллагаанд дунджаас доогуур дүн тавьдаг. Нэг үгээр хэлбэл “муу”. Гуравдугаар сарын судалгаанд ч мөн адил иргэд тэдэнд дунджаас доогуур оноо өгчээ. Гэхдээ өмнөх сартай харьцуулахад 0,2-оор өссөн байна.

Ингэж дүгнэхдээ, судалгаанд оролцогчдын 33% нь УИХ-ыг “үр дүнтэй шийдвэр байхгүй”, 19% нь “байж л байгаа” гэжээ.

ХОТЫН ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД “МУУ” ҮНЭЛГЭЭ ӨГСӨН ХЭВЭЭР…

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын үйл ажиллагаанд иргэд “муу” дүн тавьсаар ирсэн. Энэ удаад ч мөн адил. Гэхдээ өмнөх сарын оноотой харьцуулахад өссөн харагдаж байна.

Түүний үйл ажиллагааг ингэж дүгнэхдээ, судалгаанд оролцогчдын 22% нь “Замын бөглөрөл”, 20% нь “худлаа попордог”, 18% нь “Ажлаа хийж л байгаа”, 15% нь “хот тохижилт сайжирсан” гэх мэтээр тайлбарлаж, 3.1 оноо өгчээ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГ УЛСТӨРЧӨӨР Л.ОЮУН-ЭРДЭНЭ, У.ХҮРЭЛСҮХ, Х.НЯМБААТАР НАРЫГ НЭРЛЭЖЭЭ

Иргэдэд дээрх найман улстөрчийн үйл ажиллагаа таалагддаг аж. Жагсаалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхийлөгч удаалж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гуравдугаарт бичигдсэн байна.

Тэдний араас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Л.Энх-Амгалан, С.Одонтуяа нар оржээ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГГҮЙ УЛСТӨРЧДИЙН ЖАГСААЛТЫН ЭХЭНД Д.СУМЪЯАБАЗАР БИЧИГДЖЭЭ

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчөөр хотын дарга Д.Сумъяабазарыг нэрлэсэн байна. Харин хоёрдугаарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бичигджээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал орсон байна. Нэгдүгээр сарын мөн судалгаанд Н.Учрал гишүүний нэр үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтад байгаагүй. Гэтэл энэ удаа гуравт бичигдсэн нь түүний санаачлан, батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиас шалтгаалсан байж мэднэ. Иргэдийн дургүйцлийг ихэд хүргэсэн эл хуульд ерөнхийлөгч хориг тавьж, улмаар энэ сарын 17-нд УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан билээ.

ИРГЭДИЙН 53% НЬ УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ХИЙХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь буюу 53% нь 2023 онд УИХ-ын ээлжит бус сонгууль хийхийг дэмжжээ. Нарийвчилбал, 17% нь “бүрэн дэмжиж байна”, 36% нь “дэмжиж байна”, 13% нь “дэмжихгүй”, 14% нь “огт дэмжихгүй”, 20% нь “үнэлж мэдэхгүй байна” гэж хариулсан байна.

Энэ дүнг мөн судалгааны нэгдүгээр сарынхтай харьцуулахад ээлжит бус сонгууль явуулах хүсэлтэй иргэдийн тоо цөөрсөн байгаа юм.

УИХ-ын ээлжит бус сонгуулийн тухай товчхон: 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.4.6-д “Ээлжит бус сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргасан тохиолдолд явагдах сонгуулийг ойлгоно” хэмээн заасан байдаг.

Мөн Үндсэн хуулийн 22.2-д Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн заалт бий.

ИРГЭД УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР ЯВУУЛАХ САНАЛТАЙ БАЙНА

Дээрх дүнгээс харахад иргэд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байна. Өөр онцлох нь, өнгөрсөн онд авсан судалгааны хариултуудыг харахад иргэдийн дийлэнх нь “үнэлж мэдэхгүй байна” гэж хариулж байжээ. Харин энэ жил сонгуулийн тогтолцооны талаарх мэдлэг нь илүү дээшилсэн бололтой. 

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг судалгаанд оролцсон иргэдийн 53% нь  “дэмжиж байна”, 37% нь “дэмжихгүй байна”, 10% нь “үнэлж мэдэхгүй” гэж хариулжээ. 

Сонгуулийн холимог тогтолцооны тухай товчхон:

Олонхын буюу мажоритор, хагас хувь тэнцүүлсэн, хувь тэнцүүлсэн, холимог тогтолцоо гэж бий. Эдний дундаас холимог тогтолцоо гэдэг бол өөр өөр томьёололтой сонгуулийн хоёр тогтолцоог зэрэгцүүлэн ашиглахыг хэлж буй юм. Үүгээр төлөөлөгчийг сонгохдоо гол төлөв нэг мандаттай тойрог бүхий харьцангуй олонхын болон намын жагсаалтаар санал хураах хувь тэнцүүлэх системийг хослуулан ашигладаг. Тэгэхээр одоогийн манай нөхцөлд эрх баригчдын хэлж буй 76+76=152 гишүүнтэй парламентыг бий болгоно гэсэн үг. 

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН 41% ДЭМЖИЖ, 45% НЬ ДЭМЖИХГҮЙ ГЭЖЭЭ

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх болон нэмэхгүй гэх саналтай иргэдийн тоо ойролцоо байна. Гэхдээ дэмжихээсээ дэмжихгүй нь их аж.

ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАСАН “ТАВАН Ш” АЖИЛЛАГААГ ИРГЭД САЙШААЖ БАЙНА

Засгийн газраас зарласан “таван Ш” ажиллагааг иргэдийн олонх нь дэмжиж байна. Хэрэв энэ ажиллагаа үр дүнд хүрвэл Л.Оюун-Эрдэнийн засгийн газар иргэдээс оноо цуглуулж чадах бололтой.

“Таван Ш” ажиллагааг судалгаанд оролцогчдын 54% нь үр дүнтэй гэж үзэж, 61% нь дэмжсэн байна. Гэхдээ энэ талаар мэдэхгүй хүн ч цөөнгүй аж.

“Авлигатай тэмцэх жил болгон зарласны хүрээнд Засгийн газраас “таван Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхэлснийг мэдсэн үү” гэх асуултад судалгаанд оролцогчдын 24% нь “маш сайн мэднэ”, 28% нь “сайн мэднэ”, 23% нь “тийм ч сайн мэдэхгүй”, 25% нь “огт мэдэхгүй” гэж хариулсан байна. 

Харин “Таван Ш ажиллагааг дэмжиж байна уу” гэхэд судалгаанд оролцогчдын 17% “бүрэн дэмжиж байна”, 44% “дэмжиж байна”, 19% “дэмжихгүй”, 7% “огт дэмжихгүй”, 13% “үнэлж мэдэхгүй” гэжээ. 

“Таван Ш” ажиллагааны тухай товчхон:

Монгол Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг явуулахаар болсон билээ.

  • “Шувуу” ажиллагаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. 
  • “Шүгэл” ажиллагаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах юм.
  • “Шүүр” ажиллагаа. Улс төр, нийтийн албанд ажиллаж байгаа орлогоос давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлнө.
  • “Шилжүүлэн авах” ажиллагаа. Авлига, албан тушаалын замаар олсон хөрөнгийг буцаан татах, өөр улсад байгаа хөрөнгийг авч ирэх, улсын орлого болгох ажлууд хийнэ.
  • “Шилэн байх” ажиллагаа. Төрийн өмчит бүх компанийн засаглалыг энэ оны нэгдүгээр хагаст багтаан солино.

ИРГЭД Л.ГАНТӨМӨРИЙГ АН-ЫГ АМЖИЛТТАЙ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Л.Гантөмөрийг намын даргаараа сонгосон. Улмаар Улсын дээд шүүх ч түүнийг АН-ын даргаар бүртгэсэн билээ. Гэхдээ намын тамга, гэрчилгээ нь одоог хүртэл тодорхойгүй.

Нөгөө талд С.Эрдэнийн талын АН-ынхан Л.Гантөмөрийг гудамжны хэдэн хүн цуглуулж хуралдаад даргаар сонгогдсон хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Тэгвэл Л.Гантөмөрийг АН-ын даргын ажлыг амжилттай хийж чадах эсэхэд иргэд дараах хариултыг өгсөн байна. 

Судалгаанд оролцогчдын 11% нь “маш сайн чадна”, 24% нь “чадах байх”, 28% нь “чадахгүй”, 20% нь “огт чадахгүй”, 17% нь “үнэлж мэдэхгүй” гэжээ. 

ИРГЭДИЙН ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ СУЛ БАЙНА

“Нүүрсний хулгай”, “Хөгжлийн банкны чанаргүй зээл” зэргээр төрийн өндөр албан тушаалтнуудын увайгүй үйлдлүүд ар араасаа гарч ирсээр буй. Энэ асуудлыг шийдэж, авлигачидтай тэмцэхэд эрх мэдэлтнүүд саад болж байна гэж иргэд үзэж байна. Мөн шүүхэд итгэх итгэл ч суларчээ. 

Авлигачид, хулгайн үйлдэл хийсэн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцоход хэн хамгийн их саад болж байгаа талаарх асуултад судалгаанд оролцогчдын 35% нь “эрх мэдэлтнүүд”, 24% нь “шүүх”, 8% нь “улстөрчид”, 15% орчим нь “мэдэхгүй” гэж хариулсан байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу