УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2024.03.21)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өссөн. Уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарт эдийн засгийн өсөлт гарсан. Уул уурхайн салбар олон хүнд шууд нөлөөгөө үзүүлдэг салбар биш. Ийм салбар дээр эдийн засгийн өсөлт гарахаар яаж ард иргэдэд хүрдэг вэ гэхээр төсөв дээрээ орлого татаж төвлөрүүлээд, төсвөөс арга хэмжээ хэрэгжүүлдэг.

2022 оны төгсгөлд валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар, өдөр бүр төгрөгийн ханш 6 төгрөгөөр суларч, инфляц 16.7 хувьд хүрсэн. Ийм учраас долларын гүйлгээг нэг сая төгрөгөөр хязгаарлаж байсан. Одоо Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн.

Төгрөгийн ханш 200 орчим төгрөгөөр чангарсан. Эдийн засгийн өсөлтийг яаж ард иргэдэд хүргэж байна вэ гэвэл УИХ 2023 онд Монгол Улсын төсвийг тодотгосон. Төсвийн тодотголоороо дамжуулаад төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, мөн халамжийг нэмсэн. Уул уурхайн салбараас олсон орлогоо нийтэд нь хүргэж байгаа хэлбэр.

Эдийн засаг хөгжлийн яам эдийн засгийн төлөвийг харж байгаад аль болох олон хүн ажилладаг салбарыг дэмжих чиглэлээр хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн. Олон хүнд хүртээлээ өгдөг хөрөнгө оруулалтыг дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Хилээ хаагаад хойд Солонгос, Куба шиг байвал амьдрал тийм л байна.

Хөрөнгө оруулалт хэрэггүй гэвэл Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхгүй. Нүүрсний хулгайг бүрэн зогсоосон. Нүүрсийг биржээр зардаг болсон. Нэг тонн нүүрсийг 80 ам.доллараар зардаг байсныг 180 ам.доллараар зардаг болгож, ил тод байдлыг бий болгосон” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу