УИХ-ын чуулганы өнөөдөр (2024.03.21)-ийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын Ж.Эрдэнэбат “Улаанбуудай, гурил гэдэг бол стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн. Зах зээлд өрсөлдөөний зарчмаараа өрсөлдөөд явах ёстой гэж ярьж байгаа хүмүүсийг гайхаж байна. Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн яахаараа зах зээлд өрсөлдөх ёстой гэж. Эдийн засгийн онолд тийм зүйл байдаггүй. Харин ч төр нь хамгаалаад явах ёстой. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудад намар дэмжлэг үзүүлэх талаар ярилаа. Тэр хүмүүс бүгд төр ямар багтаамжийн савтайг, хэдий хэмжээний будаа худалдаж авах чадалтайг мэдэж байгаа. Тийм учраас мянга сайхан юм яриад бидэнд итгэхгүй байх.

Импортын татварыг тэглэвэл тариаланчид цаашдаа тариалалт хийх эсэхдээ эргэлзэж эхэлнэ. Нөгөө талаас 2008 оны сонгуулийн дараа байгуулагдсан С.Баярын Засгийн газрын үед стратегийн гол нэрийн бүтээгдэхүүнээ хамгаалахгүй явснаас үүдэлтэйгээр иргэд үйлдвэрлэл эрхлэхээ больж, Монгол Улсын нийт газрын 60-70 хувь нь ашиглалтгүй болчихсон байсан.

Түүнээс болж “Атрын 3-р аян”-ыг эхлүүлсэн юм. Газар тариалангийн салбар тэр үеэс бага зэрэг сэргэж байна. Дөнгөж сэргэж байхад нь дахиад л ийм шийдвэр гарвал энэ салбарыг татаж унагах эрсдэлтэй. 

Газар тариалан эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийг бусад орныхтой харьцуулж болохгүй. Учир нь манайд шатахуун, үр, бордоо, техник хэрэгсэл гаднын улсуудаас илүү үнэтэй. Түүхий эдээ өндөр үнэтэйгээр авч байгаа хүмүүс яаж гаднынхантай өрсөлдөх вэ дээ. 

Товчхондоо иргэдээ стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ хангаж чадахгүй, худалдаж авна гэдэг бол улсын аюулгүй байдлын асуудал” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу