УИХ-ын чуулганы өнөөдөр (2024.03.21)-ийн хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авав. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Засгийн газраас гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөхдөө хугацаа тавихгүй гэж байна. Энэ арга хэмжээг авахад гурилын үнийг хэдэн хувиар бууруулж чадах вэ?” гэж асуув.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түүний асуултад хариулахдаа “Өнөөдрийн байдлаар хилийн цаана нэг кг дээд гурил 966 төгрөг, нэгдүгээр гурил 836 төгрөг, хоёрдугаар гурил 687 төгрөгийн үнэтэй байна.

Үүнд 15.5 хувийн татвараа төлөөд, тээврийн дундаж зардлыг шингээгээд, дээд гурилын нэг килограммыг 1342 төгрөгөөр, нэгдүгээр гурилыг 1191 төгрөгөөр, хоёрдугаар гурилыг 1020 төгрөгөөр Улаанбаатарт ирүүлэх боломжтой.

Үүн дээр ААН-үүдийн үйл ажиллагаа ашиг орлоготой холбоотой зардал нэмэгдэх боломжтой. Ингээд үзэхээр өнөөдөр 2,600-3,000 төгрөгийн үнэтэй зарагдаж буй нэгдүгээр гурил өрсөлдөөн бий болсны үндсэн дээр 1,600 төгрөгөөр хэтрэхгүй үнээр зарагдах боломжтой.

Үндсэндээ 50 кг-ын шуудай гурилын үнийг 70-80 мянган төгрөгөөр тогтох боломжтой. Учир нь Увс аймгийн Улаангом хотын зах дээр орос нэгдүгээр гурилын 50 кг нь 78 мянган төгрөг, монгол нэгдүгээр гурил 50 кг нь 110 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Адилхан тариалалт, үйлдвэрлэл явагдсан Монгол Улсад хэдэн мянган километр тээвэрлэгдээд гаалийн татвар төлсний дараах үнэ ийм байдалтай байна. Тэгэхээр гаалийн татварыг тэглэх процесс явагдсаны дараа үнэ буух боломжтой” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу