Монгол Улсын гавьяат тамирчин (МУГТ) Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандаж, Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулахыг хүссэн билээ.

Тэгвэл Монголын боксын холбоо түүний хүсэлтийг хүлээн авч, олимпын сорил тэмцээнд оролцуулахаар болжээ.

Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр “Бид олон талаас нь ярьж байгаад энэ удаад Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, Тайландад болох олимпын эрхийн сорил тэмцээнд оролцуулъя гэж шийдвэрлэсэн” хэмээн хэллээ.

Олимпын эрхийн сорил тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо тавдугаар сарын 23-наас зургаадугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдана. Энэ тэмцээнээс 45-51 тамирчин (20-23 эмэгтэй, 25-28 эрэгтэй) олимпод оролцох эрх авах юм.

Сануулахад, МУГТ Э.Цэндбаатар гаргасан хүсэлтдээ “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдаж байсан билээ. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбоо, Удирдах зөвлөлийн ах, эгч нар болон нийт боксын хамт олноосоо уучлалт хүсэж байна.

Та бүхнийг энэ удаа дахин уужуу сэтгэлээр хандахыг хүсэж байна. Энэ олон жил миний хүсэж яваа зүйл бол зөвхөн боксын рингэд тулалдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх байсан юм шүү. Одоо та бүхэн минь миний сүүлийн хүсэл болох Олимпын эрхийн тэмцээний сорилд 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү. 

Уг сорилд хэрвээ тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явах боломжоо авбал та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно” хэмээгээд байсан юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу