УИХ-ын чуулганы өнөөдрийн (2024.03.22) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “2023 онд цахилгаан эрчим хүчний нэг жилийн хэрэглээ огцом нэмэгдэж, 7% болсон. Гэхдээ 2023 оны 11, 12, 2024 оны 1, 2 дугаар сарын хэрэглээ 11.8 хувиар нэмэгдсэн. 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд цахилгаан эрчим хүчний оргил ачааллын хамгийн өндөр хэрэглээ 1,636 МВт-д хүрсэн.

2024-2025 оны өвлийн улирлын оргил ачааллын хэрэглээ 1,800МВт-д хүрэх болов уу. Ирэх өвөл эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Үүнийг хангахын тулд энэ оны аравдугаар сард хувийн компанийн барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150МВт-ыг ашиглалтад оруулна.

Дорнодын ДЦС-ын 50МВт-ын өргөтгөлийг тавдугаар сард ашиглалтад оруулчихвал төвийн бүсэд 30МВт-ын эрчим хүчний дэмжлэг үзүүлнэ.

БНХАУ-аас 80МВт хүртэл цахилгаан эрчим хүч импортлохоор гэрээ, хэлцлийг хийж байгаа. Техникийн дэд бүтцийг Оюутолгой компани санхүүжүүлэхээр болж, тендер зарласан. Эдгээр төсөл амжилттай болбол энэ оны өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө 260МВт-аар цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Эрчим хүчний систем маань төрөөс зохицуулалттай байснаас шалтгаалаад алдагдалтай ажиллаж байгаа нь нууц биш.

2024 оны төгсгөл гэхэд эдийн засгийн өсөлт айл бүрийн хаалгаар ороод, иргэдийн орлого тогтворжиж эхэлсэн тохиолдолд цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд тулаад байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу