Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурал 14 хоногийн турш үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ өнөөдөр /2024.03.22/ танилцууллаа. Шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар танилцуулав. 

Түүний танилцуулснаар,

  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ.
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Фортуна” Н.Батбаяр нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг цагаатгасан байсныг хэвээр үлдээсэн байна. Н.Алтанхуягийн тухайд Засгийн газартай холбоотой шийдвэрийг шүүх хянаж, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоох боломжгүй гэж үзлээ. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгаж шийдвэрлэв.
  • УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Энэ талаар шүүгч тайлбарлахдаа “Бүх асуудлыг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай учраас хэргийг бүхэлд нь хүчингүй болгосон. Үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй. Зээл авсан хугацаа нь байр худалдаж авсантай нь таарч байгаа эсэхийг шалгаж, дүгнэх шаардлагатай. Үйл баримтыг нь батлаагүй” гэв. Авлига авсан гэх үндэслэлээр түүнд зургаан жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэрийг Анхан шатны шүүхээс гаргаад байсан юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу