Dobu.mn сайт өнгөрч буй долоо хоногт (2024.03.18-2024.03.24) нийтлэсэн онцлох ярилцлагуудаа хүргэж байна.


СЭМҮТ-ийн их эмч Э.Хэрлэнзаяа: Стрессээс үүдэлтэй архаг ядаргаанд орсон хүний тоо эрс нэмэгдсэн

-Хаврын улирлаас болж ядаргаанд ордог мэт ойлгож болохгүй гэлээ. Гэтэл хаврын улиралд сэтгэц болоод бие махбодын үйлчилгээ авах хүмүүсийн тоо нэмэгддэг шүү дээ?

-Өмнө нь хэлсэнчлэн хүмүүс стрессээ тайлж чадахгүй бүтэн жилийн турш хуримтлуулаад л яваад байдаг. Хаврын улиралд өдөр уртасдаг учир хүмүүс сульддаг. Энэ үед хуримтлагдсан стресс, бухимдалгүй хүмүүст сэтгэц болоод бие махбодод нь өөрчлөлт гарахгүй.

Харин стрессийн суурьтай хүмүүс хаврын улиралд архаг ядаргаанд өртөөд байгаа юм. Хэрвээ бүтэн жилийн турш ажил, амьдрал, нойроо зөв зохицуулж чадвал хаврыг ядрахгүйгээр давж гарах боломжтой. Хавар болохоор ядардаг гэсэн ойлголттой хүмүүс их байна.

-“Хаврын синдром” гэж бид их ярьдаг. Сүүлийн үед хаврын синдромоор өвчлөх хүний тоо ихэссэн үү?

-Сүүлийн үед хүн хоорондын харилцаа, нэгнийгээ сонсох, ойлголцох чадвар сул болсон. Хүн хүнтэйгээ харилцаж, ойлголцдог байтал утас, дэлгэцийн хамааралтай болж, амьд бус харилцаа давамгайлж байна. Үүнээс үүдэж манай төвийн үзлэгийн хоёр тасгаар өдөрт 30-40 хүн үйлчлүүлж байна. Энэ үзлэгийн тоо хавар болохоор нэмэгдэж, манай эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрдэг. 

Бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.


Улсын заан Б.Серик: Цаашдаа бүх барилдаанд зодоглоно

-Танд Наурызын баярын мэнд дэвшүүлж, барилдах эрхээ сэргээлгэсэнд баяр хүргэе. Хэр догдолж байна вэ?

-Баярлалаа. Манай Наурызын баяр гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцдэг өдөр болдог. Хаврын урь орж, мал төллөн, амьтай бүхэн сэргэдэг үеэр болдгоороо онцлогтой. Наурызын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний бөхийн барилдааны өмнө барилдах эрхээ сэргээлгэсэндээ баяртай байна. Бөхийн өргөөнийхөө дэвжээн дээр гарч зодоглохыг тэсэн ядан хүлээж байна.

-Барилдах эрхээ хасуулсны дараа сэтгэл санаагаар хэр их унасан бэ?

-Миний бие наадмаас хойших барилдаануудад тасралтгүй барилдаж, өнгөрсөн намар Бөхийн өргөөнд болсон гурван барилдаанд орсноос хойш 2023 оны аранхоёрдугаар сарын 7-ны өдөр учраа бөхдөө ёс зүйн болчимгүй үйлдэл гаргаж, нэг жилээр эрхээ хасуулсан. Барилдах эрхээ хасуулсан талаараа “Алтан цом”-ын Архангайн бөхчүүдтэй барилдах үеэрээ мэдсэн. Сонсоод маш хүнд цохилтод орсон.

Спорт гэдэг чинь залуу насных байдаг. Ид барилдах насандаа эрхээ жилээр хасууллаа гэхэд надаас гадна гэр бүлийнхэн, намайг дэмждэг хүмүүст нэлээд хүнд цохилт болсон. Би алдаагаа ухаарч, ЁЗСХЗ-д хүсэлт гаргаж, зургаан барилдаанд хөлийн цэц хийсэн.

Өчигдөр (2024.03.18) ЁЗСХЗ миний барилдах эрхийг сэргээсэн талаар хэлэхэд бушуухан л барилдмаар санагдсан. Цаашдаа бэртэж, гэмтэх асуудал гарахгүй бол бүх барилдаандаа зодоглоно.

Бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу


Ю.Тэгшжаргал: “Би дахиад босно доо” гээд, аав ээжийнхээ хашаа, байшинг зарж, бизнесээ дахин эхлүүлсэн

Үерийн даланг сэтэлсний улмаас ажлын байр нь усанд автаж, 60 гаруй сая төгрөгийн бараа, эд материалаар хохирсон, хувиараа бизнес эрхлэгч, “Yu Tem” арьсан урлалын үйлдвэрийн үүсгэн байгуулагч Ю.Тэгшжаргалтай ярилцлаа. 

-Олон жилийн хүч хөдөлмөр тань нэг өдөр л үгүй болоход мэдээж хүнд байсан байх?

-Мэдээж хүн ямар нэгэн бүтээл хийхдээ шууд зүсээд, арьсан дээрээ зураад явахгүй шүү дээ. Эхлээд загвараа гаргаж, зургаа бүтээнэ. Үүнийхээ дагуу үлгэрээ бэлдэнэ. Энэ бүхэн чинь хүний оюуны бүтээл. Дээрээс нь би шаргуу хүн. Ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөдөг учраас миний хувьд үнэлж баршгүй цаг хугацаа маань урсаад л өнгөрчихсөн дөө.

-Хэр их хэмжээний ус орсон бэ?

-Таазнаас 10 см доошоо хүртэл үерийн ус орсон. Үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд таазанд ус хүрээгүй учраас таазыг дахин засварлахгүй, үнэлгээ хийхгүй гэж байгаа юм. Тэгсэн хэр нь тааз нь шавар шавхай болчихсон байж байдаг. 3 метр 20 см өндөр тааз ус дүүрээд, цонхнууд хагараад, ус нь гарч байгаа юм.

Энэ дотор арьс, нэхий гэх мэт органик бүтээгдэхүүн маань усанд хэд хоног хөгцөрч, мөөгөнцөртөөд, тэр хугацаанд ямар ч ашиглах боломжгүй болсон. Тоног төхөөрөмж, арьс ширний тусгай зориулалтын машинуудын маань моторт шавар орсон. Дээд талыг нь засаад янзалсан ч доод талын мотор нь ажиллахгүй. 400-500 мянган төгрөгийн засвар хийгдсэн хэр нь хоёр долоо хоног ажиллаж чадахгүй, дахиад л эвдэрч байгаа байхгүй юу. 

-Тухайн үед яагаад, юу гэж хэлж үерийн даланг сэтэлж, танайх руу үерийн усыг урсгасан юм бол?

-Тухайн үер ганцхан манайд биш, Сэлбэ голын голдирол дагуух нэлээн олон газарт хохирол учруулсан. Замын цагдаагийн зүүн талын хүчитгэсэн далангаа сэтэлж, наашаа урсгасан нь мэдээж төрийн албаны их эрсдэлээс бага эрсдэлийг сонгосон тактик л байх. Ингэхдээ мэдээж наашаа урсгасан нь замын цаашаа урсгаснаас арай бага эрсдэлтэй байсан болохоор тэгж сонгосон болов уу. Тухайн үедээ “Санаа зоволтгүй ээ, хохирлыг чинь барагдуулах учраас та нар зүгээр л амиа аваад гараарай” гэж хэлж байсан.

Бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу


Э.Билгүүн: Сүүн шүд цооролттой унах нь байнгын шүд өвчлөх суурь болдог

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн тэнхимийн эрхлэгч Э.Билгүүнтэй ярилцлаа.

-Цахиур цухуйж эхлэх үеэс хүүхдийн шүдийг хэрхэн арчлах вэ?

-Хүүхдийн шүд цухуйж эхэлсэн даруйд асран хамгаалагч нь шүд болон амны хөндийг арчилж эхлэх ёстой. 5 нас хүртэл нь асран хамгаалагч хүүхдийн амны хөндийг арчилж өгнө. 8 нас хүртэл нь хамтарч арчилна. Түүнээс дээш насны хүүхэд бие дааж арчилна. Сүүн шүдтэй үед арчилгаа дутуу хийсний улмаас шүдний цоорол 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд маш өндөр байна. Сүүн шүд гээд оо, сойзоор угаах хэрэггүй гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг.

Ерөөсөө л анх шүдэлж эхэлсэн цагаас бидний хэлдгээр марль буюу самбайгаар арчиж, буцалсан бүлээн усаар зайлж, өнгөрийг нь байнга цэвэрлэж байх шаардлагатай.

Хөхүүл болон холимог хоолтой үед заавал цэвэрлэх ёстой. Үүн дээр яригдах ёстой асуудал бол хооллолт.

-Шүдний чанарыг бат, бөх байлгахын тулд ямар хоол идүүлбэл зохих вэ?

-Чихэрлэг зүйлсийг хязгаарлах нь зүйтэй гэж үздэг. Ялангуяа хийжүүлсэн ундааг хориглох хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь хоолыг тогтмол цагт, тогтмол хэмжээгээр өгөх нь зүйтэй.

Үндсэн өглөө, өдөр, оройн хоолны дундуур “шийр зугаа” гэж ярьдагчлан ойр ойрхон хооллосноор амны хөндий байнга хүчиллэг орчинд оршиж, үүнээс болж шүдний цоорол үүсдэг.

Иймд хооллосон бол амны хөндийг цэвэрлэж, дараагийн хоол хүртэл чихэрлэг зүйлс өгөхгүй байх нь зүйтэй. Нэг уут чихрийг өглөөнөөс орой хүртэл нэг нэгээр нь хүлхээд идчихвэл амны хөндий өдөржин хүчиллэг орчинд байна гэсэн үг. Энэ нь шүд цоорох үндсэн шалтгаан болж байна. 

Бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу