НЭМЭЛТ: 17:00 ЦАГ

Crocus City Hall“-д болсон террорист халдлагын улмаас амиа алдагсдын тоо 93 болж нэмэгджээ. Оросын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн албанаас “Одоогийн байдлаар 93 хүн нас барсан нь тогтоогдсон. Амиа алдагсдын тоо цаашид өсөх хандлагатай байна. Урьдчилсан байдлаар, иргэд буудуулж, мөн галын улмаас хордсон нь тогтоогдоод байна” гэжээ.

Оросын Холбооны аюулаас хамгаалах албаны тэргүүн өнөөдөр Ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа халдлагатай холбогдуулан 11 этгээдийг баривчилснаас дөрөв нь халдлагыг биечлэн үйлдсэн хүмүүс болохыг тогтоосон талаар танилцуулсан байна.

Украины эрх баригчид уг халдлагад ямар нэг оролцоогүйгээ мэдэгджээ. АНУ-ын тагнуулын албаныхан халдлагыг “Исламын Улс” зэвсэгт бүлэглэлийн нэг салбар үйлдсэн байх магадлалтайг талаар мэдээлсэн байна.

НАС БАРСАН ХҮНИЙ ТОО 60 ДАВЖ, “ИСЛАМЫН УЛС” ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛ ХАЛДЛАГА ҮЙЛДСЭНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

ОХУ-ын нийслэл Москва хотын захад оршдог Crocus City Hall концертын танхимд өчигдөр (2024.03.22) орой зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 хүн нас барж, 145 орчим хүн шархаджээ. Тус концертын танхим 6000 хүний суудалтай.

“Пикник” рок хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү зэвсэгт этгээдүүд автомат буугаар гал нээж эхэлсэн байна. Энэ үеэр концертын танхимд их хэмжээний гал гарч, дээврийн зарим хэсэг нуржээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч болсон үйл явдал, авч буй арга хэмжээний талаарх бүх мэдээллийг тогтмол авч байна” гэж мэдэгдсэн байна.

Томоохон гэмт хэргүүдийг мөрддөг Оросын Мөрдөн байцаах хороо уг халдлагад терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн Оросын эрх баригчид Москва хотын нисэх буудал, төмөр замын өртөөдийн харуул хамгаалалтыг чангатгасан байна. Тухайн концертын танхимын ойр орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж буй ажээ.

 

“Исламын Улс” зэвсэгт бүлэглэл дээрх халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Халдлага үйлдсэн гишүүд даалгавраа биелүүлсний дараа “бааз руугаа аюулгүй буцсан” талаараа телеграмд нийтэлжээ. ОХУ-ын Үндэсний Гвардын цэргүүд хэргийн газарт ажиллаж, халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар мэдээлсэн байна. 

АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлцгээж байна.

                                         

Эх сурвалж: REUTERS, TASS, BBC
Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу