Өглөөний гимнастиктаа бэлдээрэй! Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад… 1, 2, 3… БҮГД ДАГААД ХИЙГЭЭРЭЙ.

 

Хамгийнхаа чангаар, зүрх сэтгэлээсээ дагаад хэлээрэй “БИД ТОМ АХАД ХАЙРТАЙ…”

Тайз, үзэгчдийн суудал, танхимын хана тааз доргим эдгээр үгс минут гаруй тасралтгүй  цуурайтна. Юу гээч нь энэ вэ?

Уламжлалт хэв маягийг эвдсэн пост драмын жүжгүүдийг М.Батболд найруулж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Энэ удаад ч тэрбээр нийгмийн хамгийн чухал дуу хоолойг зүгээр нэг цагаан хоолойгоор зарласангүй, бүр хашгирч үзүүлэв.

Бидний мэдэх, Английн зохиолч Жорж Оруэллийн 1984 роман. Монгол хэлээр, монгол найруулгаар, монгол жүжигчдийн “ур”-аар амилсан байна. Хүн төрөлхтөнд бүх цаг үед ус агаар мэт үгүйлэгдэж, хүсэгдэж, биелж ирсэн “эрх чөлөөний тухай” постдрамын жүжиг өнгөрсөн Пүрэв гарагт нээлтээ хийв. Тэгээд бүр үзэгч олны нүдийг нээв. Нээлттэй, харж байсан хэр нь итгэж өгөхгүй байсан бодит зүйлийг нь дахин тод томруун үзүүлэв.

Тайз чимэглэл гэх зүйлгүй эл жүжиг хэн бүхний загатнасан газар маажиж чадав бололтой. Яг энэ цаг үед тоглогдох болсон шалтгааны талаар ч цөм бодож буй биз. “БОДОЖ БУЙ БИЗ”…  Гол дүрийг бүтээсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ үнэхээр Смитийн дүрийг “тулгажээ”. Ноён Смитийн бодол, сэтгэхүйн эрэл хайгуул, эрх чөлөөг хүсэмжлэх тэр их хүслийг хазганан байж, “бүр гүйж үзүүлэв”. Ямар их тэмүүлэл вэ. Бид харин тэмүүлж буй бил үү, тэмүүлээд хүрчихсэн ч бил үү? Мартаж орхиж. Тодорхойлоход ч бүдэгхэн санагдаж байна.

Үг дуугарахгүй, дуугарвал бодлын цагдаад баригдчихаж мэдэх учраас амьдралыг нь өөрчилж ч мэдэх шилэн бөмбөлгөө барьсаар гүйж гарав. Смит. Эрх чөлөө битгий хэл, бодол санаагаа ч хориулсан хүнийг ийн гүйхийг харах ямар өрөвдөлтэй гэж санана. Нутгаа зорин гүйж байгаа морины дууг сонсоод хэн нэгний нулимс цийлгэнэдэг л байх. Тэгвэл эрх чөлөөт, хуял тачаалт, бодол санаа нь хязгааргүй нийгмийг хүсэж хазганан гүйх залууг хараад нулимс бас цийлгэнэдэг юм билээ. 

Тэгээд цаасны буланд бичсэн ганцхан үг бүхнийг орвонгоор нь өөрчлөхөд хангалттай

Хэчнээн жилийг давж туулан байж тэр өдөр бодлоос нь гарч биелсэн юм бол доо, хөөрхий. Тэгээд ч болоогүй “Би чамд хайртай” гэх ганц үг түнэр харанхуй, хашгираан дүүрэн нийгэмд түймэр тавьж орхив.

Бүх бие нь дүрэлзэн шатаж буй хэр нь хоёр хүний хүсэн хүлээсэн мэдрэмжийг л авахын тулд Смит, Жулия хоёул шатаж дуусна. Тэгээд хайр, эрх чөлөө, итгэл үнэмшилдээ шатаж харанхуйд өчүүхэн гэрэлтээд дууссан ноён Смит галт шувуу шиг л үнснээсээ дахин төрөв. Үгүй юм байна. Нийгэм нь хөөрхийг дахиад л бий болгов. Өөрийн эрхгүй нийгмийнхээ эмх цэгцтэй уриа лоозонг үг үсэггүй, бүр чангаар, сэтгэлээсээ хэлдэг Смит болж төрсөндөө хөөрхий. Ингэхээр нэг бодлын маш өрөвдөлтэй жүжиг байлаа. Тун өрөвдөлтэй постдрам.

Хайрлахгүй, үзэн ядахгүй, бодохгүй, мэдрэхгүйгээр дахиад л төрнө. Ингээд цээжин дотор нь гал дүрэлзэж, асаад бадраад ирвэл унтраачихдаг болох вий. Хашгирч зогсвол, эсвэл хашгирна даа гэж бодож байтал мөрөн дээр нь алгадаад, нүүрэн дунд нь дэлсчихдэг болох вий

Хэн гэж үү. Бид ч байж болно. Болсон ч байж мэднэ. Бүхэлдээ “ТОМ АХ” гэж тэгвэл хэн болж таарав. Бүх зүйлс нэгэнт атганд нь орсон агуу том удирдагч юм шиг л төсөөлөгдөх вий. Гэтэл бодлыг ч уншдаг, сэтгэл зүрхийг ч удирддаг нь хүн өөрөө л юм даа. Тэгээд ч эцэстээ хэнд юу гэж харагдах бол, хэн юу гэж хэлэх бол, ингэх вий тэгэх вий, новш гэж би хоцроод байна, таалаад байна, таалагдахгүй байна гэх мэт сүлжилдсэн олон бодолд цөхөрч төөрөөд айдаст автдаг хэрэг юм болов уу. 

Эцэст нь жүжгийн төгсгөлд Ангсоц намын урт цуваанд Смит уусан алга болно. Цагийн турш тэмцэж, адгаж байж ядаж байсан их тэмүүлэл унтарч, том ахынхаа тухай магтаалыг үнэн сэтгэлээсээ давтан хэлсээр цааш одно. Ингээд дууслаа. Багшийнхаа тэнэг үгсийг тэвчилгүй суудлаасаа өндийсөн сурагч үсэртлээ алгадуулаад, буцан суух шиг шүлсээ залгимаар санагдана.

Баярлалаа, Орфей театрын хамт олон. Хавьд эрүүлээр сэтгээгүй хэрэг үү, сэтгэж байгаагаа мартсан хэрэг үү. Жүжгээс гараад толгой дэндүү чилж ядарч байгаагаа мэдрэв. Ингээд эхэлж байна. 

Гүймээр санагдав, хазгар доголон хүн итгэл найдвараа тэврээд гүйх ямар байдгийг мэдэрмээр санагдав.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу