Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын энхийг сахиулагчид өөрсдийн хөлөглөдөг үндсэн зэвсэглэл техник болох БТР-80 хуягт тээвэрлэгчийн дурсгалын загварыг бүтээж, МОНБАТТ-ынхаа угталтын хаалга дээр байрлуулан олноо толилуулсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Тэд бүх деталь ажлыг зөвхөн төмөр ашиглан бүтээжээ. Энэхүү бүтээлч ажлыг ахлах ахлагч Ц.Гантулга (330), ахлагч М.Ганзориг (065 дугаар ангийн дугаар салбар), ахлах ахлагч Ч.Даажамба (ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад) нар хоёр сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойгоо Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрэмд заасны дагуу тэмдэглэн өнгөрүүлжээ.

Эл өдөр цэргийн багийн бие бүрэлдэхүүн цэргийн тангараг давтаж, даян дэлхийн энх тайвны төлөөх ариун үйлсэд бие сэтгэл, оюун ухаанаа харамгүй зориулж монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, НҮБ-ын мандатаар хүлээсэн үүргээ мадаггүй сайн биелүүлж, цэргийн багийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг хангахад үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга, зохион байгуулалтаараа хамт олноо манлайлан идэвх санаачилгатай ажиллаж буй салбар, салаа, цэргийн алба хаагчдыг мотобуудлагын батальоны захирагчийн тушаалаар сайшааж урамшуулсан байна.

Мөн ЗХЖШ-ын дарга, Төрлийн цэргийн командлагч нарын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол олгогдсон цэргийн алба хаагчдад цолыг нь ажиллагааны газар оронд гардуулан өгчээ.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан миномётын салааны бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор үзүүлэх хичээлийг зохион байгуулсан ба бэлтгэл ажлын хүрээнд 82 мм-ийн миномётын салаа, тоотын орон тооны буу, галт хэрэглэл, хараа хэрэгслийг аяны байдалд авч, явганаар хөдөлгөөн үйлдэхэд зориулсан мина, багаж хэрэгслийн үүргэвч, бууны оосор зэргийг санаачлан бүтээсэн нь онцлог байжээ.

Түүнчлэн батальоны захирагчаас “UNMISS” ажиллагааны хүчний командлагчид хүсэлт гаргаж уламжлуулсны дагуу салааны хоногийн сургуулийг жижиг бүлгийн тактикийн түргэн буудлагын дасгал боловсруулахтай хослуулан 3 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд Жуба хот дахь БНӨСУ-ын Үндэсний цагдаагийн албаны буудлагын талбайд тус тус зохион байгуулж явуулсан талаар Цэргийн багийн хэвлэлийн төлөөлөгч, ахлах дэслэгч Ө.Насантогтох мэдээлэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу