ОХУ-ын нийслэл Москва хотын “Crocus City Hall” концертын танхимд халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдсан дөрвөн яллагдагчийг Ням гарагт Москвагийн шүүхэд дуудан ирүүлсэн бөгөөд гурав нь халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн талаар тус улсын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлжээ.
CNN агентлаг яллагдагчдын талаар дараахь мэдээллүүдийг олж авав. Үүнд:
Далержон Мирзоев: 32 настай. Тажикистаны иргэн. Оросын өмнөд хэсгийн Сибирийн Новосибирск хотод гурван сарын хугацаанд түр оршин суух бүртгэлтэй байсан ч хугацаа нь дууссан байсан талаар “РИА Новости агентлаг” мэдээлжээ.
Саидакрами Рачабализода: Тэр хоёр дахь яллагдагч. Тэрбээр шүүхэд мэдүүлэхдээ “ОХУ-ын бүртгэлийн бичиг баримт байгаа ч хаана байгааг нь санахгүй байна” гэжээ. Тэрбээр орчуулагчаар дамжуулан ярьсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна. Рачабализода 1994 онд төрсөн гэх мэдээлэл байна.
Шамсидин Фаридуни: 1998 онд Тажикстанд төрсөн, Төв Азийн улсын иргэн. Фаридуни ОХУ-ын Подольск хотын нэгэн үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд Красногорск хотод оршин суух бүртгэлтэй байсан гэж тус улсын “РИА Новости” агентлаг мэдээлэв.
Мухаммадсобер Файзов: 2004 онд төрсөн, дөрөв дэх шүүгдэгч. Тэргэнцэр дээр суун, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Москва хотын шүүхийн Telegram хуудаст тавьсан бичлэгээс харахад тэрбээр шүүх хуралдаанд эмчийн хамт иржээ.
Файзов тодорхой эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд өмнө нь Москвагаас зүүн хойд зүгт орших Иваново хотын нэгэн үсчний газарт ажилладаг байсан аж. Тус хотод оршин суух бүртгэлтэй байсан гэж “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.
“Crocus City Hall”-д болсон, дор хаяж 137 хүний ​​аминд хүрээд буй халдлагыг үйлдсэн байж болзошгүй дээрх дөрвөн сэжигтэнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байгаа аж.
Урьдчилан саатуулах арга хэмжээ: Шүүгдэгчдийг ирэх тавдугаар сарын 22-ныг хүртэл цагдан хорих бололтой.
Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу