Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр (2024.03.25) Төрийн ордонд төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаан ашиглаж буй талаар мэдээллээ.

Монголын төр анх удаа байгууллагын шилэн мэдээлэлд хиймэл оюун ухаан буюу Chat GPT-ыг ашигладаг болжээ. Нийт 970 мянган мэдээлэл “Шил” ажиллагааны хүрээнд ил болсон ч дотроос нь мэдээлэл эрж хайх бэрхшээлтэй байсан. Хиймэл оюун ухаан бүхий автомат хариулагчтай болсноор илүү үнэн бодит, хялбар мэдээлэл олж авах боломж бүрджээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хиймэл оюун ухаанд суурилсан автомат хариулагч одоогоор есөн настай хүүхэд шиг оюун ухаантай гэсэн үг. Харин асуулт асуух тусам мэдээлэл, сан хөмрөг үүсэж, нас биед хүрэх юм.

Мөн энэхүү автомат хариулагч нь илүү үнэн бодитоор шууд хариулдгаараа давуу талтай. Ямар нэгэн нууж хаах зүйлгүй. “Шил” ажиллагааны хүрээнд ил болсон бүхий л мэдээллийг үнэнээр нь хариулна гэсэн үг. 

Энэ удаад Ашигт малтмалын лицензийн 2512 мэдээллийг өнгөрсөн гурван сарын хугацаанд сургасан. Юу ч гэж асуусан шууд хариулна гэсэн үг. Мөн хэн нэгний нөлөөнд автахгүй, бөөрөнхийлөхгүй.

Технологиор дамжуулан авлигатай тэмцэх боломж бүрдлээ гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар мэдээллийг ил болгоод айсан ч хувийн хэвшил ашиглах боломжгүй байсныг монгол залуус өнөөдөр бүрэн боломжтой болголоо. Цаашид газар олголт, зээлийн сангийн мэдээлэл гэх мэт өгөгдлийг бэлтгэж, сургаад явна гэсэн үг” хэмээн танилцууллаа.

Хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх хэлэлцүүлэг боллоо

Тэрбээр “Дэлхийн улс орнууд ил тод байдлаа хиймэл оюун ухаанд суулган, сургаж эхэлж байгаа энэ үед монголчууд технологийн дэвшилд нэг алхам ойртлоо” гэж мөн онцолсон юм.

Иргэн, хувийн хэвшлийн төлөөлөл Засгийн газрын “Шил” ажиллагааны хүрээнд ил болсон Ашигт малтмалын лицензтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл https://shilen.gov.mn/   цахим хаягаар ороход асуулт хүлээн авах хиймэл оюун ухааны цэс нээлттэй байгаа ажээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу