НЭМЭЛТ: 16:10 ЦАГ

Засгийн газар хилийн 22 боомтоос найм дээр нь өнгөрсөн онд бүтээн байгуулалт хийснээс гурван боомтынх бүрэн дуусаж, хоёр боомтын бүтээн байгуулалтыг энэ оны эхний хагаст дуусгахаар ажиллаж байгаа ажээ. 2024 онд нэмж гурван боомтын цогцолборыг өргөтгөхөөр бүтээн байгуулалт эхэлсэн байна.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга хэлэхдээ “Монгол Улсын гадаад худалдаа, валютын орлогын гарц, орц шинээр нээгдэн нэмэгдэж, эдийн засагт гол хөдөлгөгч хүч болох боомтуудын сэргэлт алхам алхмаар урагшилж байна.

Хилийн томоохон боомтуудыг хөрш БНХАУ, бусад улс оронд “Боомт хот” гэдгээр цогцоор авч үзэн, хөгжүүлж буй зарчмаар, цаашид боомтуудаа өргөжүүлэхийн тулд Боомтын өөрийн хууль болон боомттой холбоотой бусад хууль эрх зүйг шинэчлэхээс эхэлнэ.

Хилийн боомтууд зөвхөн цогцолборын түвшинд бус, илүү хотын түвшинд, бүс нутгийн хэмжээнд төлөвлөн хэрэгжүүлж байж хөгжинө.

Боомт гэдэг 1990-ээд оноос өмнө хил зөрчихтэй холбоотойгоор зөвхөн хил хяналт, хамгаалалтын үүрэгтэй ажиллаж хилийн байгууллага удирдан зохицуулж ирсэн бол түүнээс хойш чөлөөт худалдаа, зах зээлд нэвтрэлээ гэдгээр гаалийн байгууллага өнөөдрийг хүртэл хяналт тавьж татвар хураах байдлаар явж ирлээ. Энэ хооронд менежмент нь орхигдсон.

Боомтын удирдлага менежментийг төр, хувийн хэвшлийн хамтарсан корпорац хэлбээр авч явна. Боомт гэдэг өөрөө үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Үүнээсээ ашиг орлого олж, эргээд түүгээрээ боомтоо өргөтгөдөг, худалдааг аль болох хурдан шуурхай, хүндрэлгүй явуулахад боомт корпорацийн хэлбэрээр ажиллаж, үйл ажиллагаагаа явуулна. Корпорацад төрөөс гадна хувийн хэвшил оролцох учиртай. Энд мэдээж шалгуурууд тавигдана.

Хяналтын байгууллага, орон нутгийнхан, төр хамтран ажиллахдаа хувийн хэвшлийнхнийг хааж боодог нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр энэ бүтцийг байгуулна. Боомт бүрд ийм корпорацийг байгуулснаар боомтууд хоорондоо өрсөлдөж, уралдан хөрөнгө оруулалт татдаг болно” гэв.

2025 ОНД НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ИЙГ 6520 АМ.ДОЛЛАР,
ЭКСПОРТЫГ 14  ТЭРБУМ АМ.ОЛЛАРТ ХҮРГЭНЭ

“Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, асуудал шийдэл” хэлэлцүүлэг эхэллээ. Энэхүү хэлэлцүүлгээр  боомтод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг танилцуулж, боомтын хөгжилд төр, хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн асуудлаар санал солилцож байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг “Боомтын захиргааны чиг үүрэг, төсөл хөтөлбөрийн өнөөгийн байдал” сэдвээр үндсэн илтгэл тавив.

Тэрбээр “Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан зорилтын нэг болох “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Хэлэлцүүлгээр Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын зөвлөх, хуульч Э.Эрдэнэжамъян “Хилийн боомтын хуулийн төсөл, хувийн оролцоог хангах нь” сэдвээр, МҮХАҮТ-ын дэргэдэх эдийн засгийн коридор, боомт, тээвэр, логистикийн зөвлөлийн дарга А.Мөнхболд “Боомтыг хөгжүүлэх стратеги, хувийн хэвшлийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавив

Хилийн боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратегийн талаар өнөөдрийн хэлэлцүүлэг өрнөх юм.

Монгол Улс боомтынхоо нэвтрэх чадварыг нэмэгдүлснээр, 2023 онд нийт 70 сая тонн нүүрс экспортолсон нь гадаад худалдаа, экспортын хувьд түүхэн дээд үзүүлэлт билээ.

Засгийн газар 2023 онд найман боомтыг хөгжүүлсэн. Үүнд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо боромтуудад боомтын авто зам, төмөр зам, олон төрөлтөт чингэлэг тээврийн терминал зэрэг бүтээн байгуулалтууд багтаж байгаа юм.

Засгийн газар “Алсын хараа 2050”-д экспортыг нэмэгдүүлж, нэг хүнд ногдох орлогыг өсгөх замаар дундаж давхаргыг тэлнэ гэж тусгасан.

Өнгөрсөн 2019 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 4294 ам.доллар, нийт экспортын хэмжээ 7.6 тэрбум ам.доллар болсон бол 2025 онд экспортыг нэмэгдүүлснээр нэг хүнд ногдох ДНБ-ийг 6520 ам.доллар, нийт экспортыг 14 тэрбум ам.долларт хүргэнэ гэж тооцжээ.

Түүнээс хойш таван жилийн дараа буюу 2030 оноос нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 8300 ам.доллар, нийт экспортыг 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж тооцож байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу