“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр 17.00 цагт ээлжит бусаар хуралдаж, “Антре гоулд” (Entree Gold) компанитай байгуулах хэлцэлд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээлснээр, “Антре гоулд” компанийн эзэмшлийн хоёр тусгай зөвшөөрлийг “Оюутолгой” ХХК шилжүүлэн авахтай холбоотой хэлцэл нь өнгөц харахад тус компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын нэг хэлцэл мэт боловч үр дагавар ихтэй, нухацтай бодох шаардлагатай асуудал юм байна.

Тэрбээр “Хэрэв энэ хэлцэл хийгдвэл Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээг гэрээ байгуулах үед “Оюутолгой” ХХК эзэмшдэггүй байсан тусгай зөвшөөрөлтэй талбайд хамааруулж өргөжүүлнэ гэсэн үг. Тодруулбал, “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Гэрээт талбай” гэх тодорхойлолт байдаг.

Гэрээт талбайгаас олборлож, худалдсан бүтээгдэхүүнд төлөх нөөц ашигласны төлбөрийг 5 хувиар тооцож тогтворжуулсан. Гэрээт талбайд “Антре гоулд” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбайг оруулах эсэх асуудал дээр дурдсан хэлцлийн үр дүнд шийдэгдэх бөгөөд үндсэндээ Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад, бараг 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд үүссэн татварын маргааны асуудал шийдэгдээгүй төдийгүй улам төвөгтэй болохоор байна.

“Антре гоулд” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд өөрт ашигтай заалтыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгуулж, үйлчлэх хүрээг өргөжүүлэх боломжийг нээлттэй болгосон нь нэг талыг барьсан, манай талд ашиггүй гэрээ байгуулсны нэг л жишээ юм.

Дашрамд дурдахад “Антре гоулд” компанийн гаргасан хувьцааны 16.5 хувийг “Рио Тинто” шууд бусаар эзэмшдэг. Хэлцлийн үр дүнд “Антре гоулд” компани шилжүүлсэн тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын эдийн засгийн үр өгөөжийн 20 хувийг хүртэхээр байна” гэв.

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2013 оноос хойш “Антре гоулд”-ын эзэмшлийн хоёр тусгай зөвшөөрөл, эздийнх нь сонирхлын талаарх мэдээлэл үе үе босож ирдэг байв.

“Антре гоулд”-ын тусгай зөвшөөрлийн талбайд “Оюу толгой”-н бүлэг ордын нийт нөөцийн багагүй хувь хамаардаг байна. Эх сурвалжийн мэдээлснээр, зэсийн нөөцийн 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь байдаг ажээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу