Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн байр суурь ялгаатай байсан учир гишүүдийн байр суурийг нэгтгэх үүднээс МАН-ын бүлэг ажлын дөрөв хоногийн завсарлага авсан юм.

Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2024.03.25)-ийн хурлаараа хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Сүүлийн үед гурилын үнэ огцом нэмэгдсэн. Гурил үйлдвэрлэгчдийг монопол эрх эдэлж байна гэж үзсэн. Тийм учраас Засгийн газраас гурилыг гаалийн албан татвараас чөлөөлж, импортыг нь нээлттэй болгох санал орж ирсэн.

Энэ асуудалд УИХ-ын гишүүдийн байр суурь өөр өөр байсныг бүлгийн хурлаараа хэлэлцээд, татварыг тэглэхийг бүрэн дэмжлээ. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийгээд, энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзлээ” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу