Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гуравдугаар сарын 23-ны өдрийн 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “Олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага бүртгэгдсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн.

Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдоод буй.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж үзүүлээд байна. Ар гэрийнхэн нь нас барсан шалтгааныг архидалттай холбоотой гэж үзэж байна гэсэн.

Архинаас гаргах үйл ажиллагаа, сайн дурын эмчилгээг дэмжих, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг хүссэн. Тиймээс архинаас албадан гаргах эмчилгээний төвийн ажлыг эрчимжүүлнэ. Цаашлаад угаар мэдрэгчийг зөв ашиглах, аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллана” гэсэн тайлбар өглөө.

Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр “ил харагдах шарх сорвигүй, угаартсан байдалтай нас барсан. Мөн согтуулах ундаа тодорхой хэмжээнд хэрэглэсэн” нь тогтоогдоод буй аж. Задлан шинжилгээний хариу эцсийн байдлаар гарсны дараа иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу