УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр (2024.03.25)-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “2019 онд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд хүртээх ёстой гэсэн зарчим үйлчилж байна. Энэ талаар 2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг.

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Баялгийн сангийн тухай хуулийн төслийн концепцийг дараах байдлаар танилцууллаа.

Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ сан байгуулж, үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна.

Баялгийн сан нь дотроо,

  • Ирээдүйн өв сан
  • Хуримтлалын сан
  • Хөгжлийн сан гэсэн гурван сантай байх юм.

Ирээдүйн өв сангийн орлого өнөөдрийн хуулиараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувьд төвлөрч, энэ сан бүрдэж, хуримтлал хийгддэг. Хуримтлал нь 2030 он хүртэл хийгдэнэ. Тэр үеэс эхлэн хуримтлагдсан хөрөнгийг ирээдүйн сайн сайхны төлөө ашиглана.

Шинээр бий болж буй Хуримтлалын санг төрийн өмчит уул уурхайн компаниудын төрд ногдож байгаа 34 хувийн ногдол ашгаар бүрдүүлнэ. Ирэх жилээс боловсрол, эрүүл мэнд болон орон сууцны бүтээн байгуулалтад бэлэн бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна.

Хөгжлийн сан буюу хуучнаар Төсвийн тогтворжуулалтын санд тухайн жилийн төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлэх замаар хөрөнгө оруулалт босгож, хөгжлийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулах тооцоололтой байна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу